Эд хөрөнгө хураах ялын биелэлтийн талаар хугацаатай үүрэг өгчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2016-09-05 12:26:37

Сэлэнгэ аймгийн прокурорын газрын гуравдугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналтын чиглэлээр шалгалт хийсэн байна.

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Эд хөрөнгө хураах ялын биелэлт"-ийг оны эхний 08 сарын байдлаар шалгажээ. Шалгалтаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялаар шийтгүүлсэн ялтнууд нь өөр орон нутгийн хорих ангид үндсэн ялаа эдэлж байгаа нь тогтоогдсон байна. Мөн эд хөрөнгө хураах нэмэгдэл ялын биелэлтийг хангуулахаар явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг ялтны ял эдэлж байгаа хорих анги руу, ялтны шийтгэх тогтоолд заасан оршин суух хаягаар хороо, багийн засаг дарга нарт болон холбогдох бусад байгууллагаас албан бичгээр лавлагаа авах хэлбэрээр хийгдэж буй нь илэрсэн байна. Энэ нь бодитой, үр дүнтэй бус хийгдвэл зохих зарим ажиллагаа бүрэн хийгдэхгүй байгааг харуулж байна хэмээн шалгалтынхан үзжээ. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу ажиллагааг бодитой хийх, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг нэг мөр хангуулах, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын дагуу эд хөрөнгө хураах ялын биелэлтийг ханган ажиллах талаар хугацаатай үүрэг чиглэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгчээ.

Ингээд өгсөн үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Прокурорын газраас шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ