БУЛГАН: Гадаад харилцаа, аялал жуулчлалыг эрхэмлэн хэрэгжүүлэгч онцлох аймгаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-04-01 10:17:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг “People Авардс-2023”-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалыг эрхэмлэн хэрэгжүүлэгч онцлох орон нутгаар шалгарч шагнал хүртлээ.

“People” сэтгүүл долоо дахь жилдээ “People Авардс” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг Монголын сайтын холбоо, Монголын Маркетинг менежментийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ:

- Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аймгийнхаа гадаад харилцааг тэлж, аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгохоор төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэдтэйгээ хамтдаа хичээсэн. Ирэх он жилүүдэд хамтдаа хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх олон том зорилтууд бий. 2023 онд улсын төсвөөс татаас авдаггүй, өөрсдөө бие даасан долоо дахь аймаг болохоор зорьж байна гэлээ.

Тус аймаг аялал жуулчлалын чиглэлээр таван эвент үйл ажиллагааг төлөвлөн "Хангинахын шугуйн шагайн тойром", "RFC Mongolia Bulgankhangai-2022" олон улсын бартаат замын уралдаан, "Айраг наадам", Улаанбаатар хотноо "Airagday", "ITM Mongolia-2022" үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгуулсан байна. Эдгээрт гадаад, дотоодын 110,0 шахам мянган аялагч Булганхангай нутгийг зорин ирснээр 1,0 тэрбум гаруй төгрөгийн борлуулалтын орлогыг орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна. 

ОХУ-ын Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулсан буриад түмний олон улсын “Алтаргана-2020” наадамд оролцож, 2024 оны “Алтаргана” олон улсын наадмыг Булган аймагт зохион байгуулах эрхийг авсан юм. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага KОЙКА-тай хамтран 3-5 жилийн хугацаанд Булган аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, тохижилт үйлчилгээг сайжруулах, бага дунд орлоготой өрхүүдийг дэмжих, сургалт явуулах, хөдөө аж ахуйн болон гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэлд солонгос технологийг нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлж эхэллээ.

АНУ-ын ЭСЯ болон Монгол дахь Америкт төгсөгчдийн холбооны төлөөлөл, “Education USA Mongolia” хөтөлбөрийн зөвлөх баг 30 гаруй сургалтын менежер, англи хэлний багш нарт заах арга зүйн сургалт хийж, багш, сурагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг боллоо. АНУ-аас англи хэлний мэргэжилтэн багш ажиллаж, англи хэлний багш нарыг чадавхжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна сурагчид, төрийн албан хаагчдад зориулсан зорилтот сургалтуудыг үнэ төлбөргүйгээр явуулж эхэлсэн байна.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Жодино хотын Политехникийн коллежид гурван оюутан “Юнайтед белаз машинери” ХХК-ийн 100 хувийн тэтгэлгээр суралцаж эхэлжээ. Булган сум Унгар улсын Эгер хоттой хамтын ажиллагаатай хот болж, ажлын байр нэмэгдүүлэх, дадлагажигч бэлтгэх урьдчилсан хэлэлцээрийг хийлээ. Энэ онд БНСУ-д 16 оюутныг эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр сургах бол Беларусь улсад хөдөө аж ахуй, эдийн засаг, газар зохион байгуулалтын чиглэлээр оюутан сурагчид, төрийн болон хувийн хэвшлийн ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх ажлууд албан ёсоор эхэлнэ.

Польш, Унгар, Чех, Беларусь, Америк, Солонгос, Япон улсын ЭСЯ-тай боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлснээр аймгийн эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой ахиц дэвшил авчрах бүрэн боломжтой болсон гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ