Э.Макрон Хятадад айлчлахынхаа өмнө ЕК-ын тэргүүнтэй уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-04-02 12:19:30

ПАРИС. /AFP/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон ирэх долоо хоногт Хятадад хийх хамтарсан айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Европын комиссын /ЕК/ тэргүүн Урсула фон дер Ляйенийг дөрөвдүгээр сарын 3-нд Парист хүлээн авч уулзана гэж Елисейн ордон мэдээлжээ.


“Ерөнхийлөгч ЕК-ын даргатай дөрөвдүгээр сарын 3-нд Елисейн ордонд уулзана. Энэхүү уулзалтыг дөрөвдүгээр сарын 5-наас 8-ны хооронд БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулж байна” гэж Э.Макроны ажлын алба тэмдэглэжээ. “Урсула фон дер Ляйен, Эмманюэль Макрон нар БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй гурван талын уулзалт хийнэ” гэж Елисейн ордон  мэдээлсэн байна.


Францын эрх баригчид гагцхүү Бээжин л Украинд "тоглоомын дүрмийг өөрчлөх" боломжтой гэж үзэж байгаа тул гурван талын уулзалтын нэг зорилго нь Орост цэргийн тусламж үзүүлэхгүй байх талаар Хятадад “урьдаас сануулах” явдал юм.


Хятад, Францын удирдагчид хамгийн сүүлд Индонезод зохион байгуулсан "Хорийн бүлэг"-ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзаж байсан бол Бээжинд хийсэн Э.Макроны сүүлийн айлчлал 2018 оны нэгдүгээр сард болжээ. 


Холбоотой мэдээ