ЗАВХАН: Малаа бэлчээх боломжгүй тэжээж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, хаваржилт хүндэрч байгаа сумдад аймгийн
аюулгүйн нөөцийн өвсийг хямдралтай үнээр олгох тухай шийдвэрлэжээ.
Аймгийн Онцгой комисс хаваржилт, цаг агаарын нөхцөл
байдалтай холбогдуулан 80 хувийн ирцтэй хуралдаж дөрвөн асуудлыг хэлэлцсэн.
Тухайлбал, малын гоц халдварт, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өвөлжилт хүндэрсэн үед хорогдсон мал амьтны сэг зэмийг ачих, устгах. Орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг хийх ажлыг сум бүр нэн даруй зохион байгуулах. Огцом шар усны үер болох магадлалтай байгаа тул, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн цасан бүрхүүлийн судалгааг шинэчлэн гаргах, эрсдэлийн үнэлгээ хийж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.
Улиастай, Тосонцэнгэл суманд бэлтгэсэн аймгийн аюулгүй нөөцийн 7500 боодол өвсийг 50 хувь буюу нэг боодлыг нь 8.0 мянган төгрөгөөр үнэлж, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, хүсэлтээ ирүүлсэн сумдад хуваарь гарган олгох.
Өвөлжилтийн хүнд цаг үед хандив тусламж өгсөн аж ахуйн нэгж
байгууллага, иргэдэд талархал илэрхийлэх ажлыг зохион байгуулах ажлуудыг тус тус хийхээр боллоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн тухайд, хангайн буюу хойд бүс, зүүн бүсийн сумдад цас нэмж орж шуурсан, цасан бүрхүүлтэй. Зарим газартаа цасны зузаан 30-50 см байна. Зарим газартаа өдөртөө хайлмагтсан цас, мөсөн бүрхүүл үүсгэж мал идэх өвсгүй, малчид малаа бэлчээх боломжгүй тэжээж байна. Харин говийн бүсийн сумдад зуншлага тааруу байснаас одоогоор цасгүй ч гэлээ хүйтэн хавсаргатай, мал идэх өвсгүй мөн малаа тэжээж байна. Хаваржилт бүх газар хүндэрч байгаатай холбоотой аймгийн нөөцөд байсан өвс тэжээлийг 24 суманд тараах ажлыг эхлүүлсэн.
Цаг агаар дулаарах юм бол сайхан хавар болох төлөвтэй байна. Гэвч цаг агаар огцом дулаарвал шар усны үер нэмэгдэнэ. Үүнээс сэргийлэх үүднээс аймаг, сумдын онцгой байдлын комисс хуралдаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эхлүүлсэн. Оны эхний нийт төллөвөл зохих 1.2 сая малаас 157 мянга гаруй мал төллөж мал төллөлт 97.9 хувьтай байна. Харин аймгийн хэмжээнд оны эхний нийт 3.9 сая малаас 98100 гаруй мал, 283 хээлтүүлэгч мал, 3800 гаруй үүлдэр, омгийн мал тус тус хорогдоод байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.