ЗАВХАН: Сургуулийн барилгыг хөрсний дулаанаар хангадаг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймгийн төвийн Жавхлант цогцолбор
сургуулийн 640 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийн барилга хөрсний дулаанаар
халаалтаа шийджээ.
“Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан дотоодоос эрчим хүчний хэрэглээгээ хангах, импортын хараат байдлаас гарах, урт хугацаанд эрчим хүч экспортлогч улс болох томоохон төсөл хөтөлбөрүүд бодит ажил хэрэг болж байна. Тодруулбал, Эрчим хүчний яамны “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд эхний ээлжид таван аймагт газрын гүний дулаанаар дулаан хангамжийг шийдвэрлэхээр зорьжээ.
Үүний нэг нь Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын сангийн
буцалтгүй тусламжийн 189,530 ам.долларын санхүүжилтээр суурилуулсан, Жавхлант
цогцолбор сургуулийн барилгын дулаан хангамж юм.
Сургуулийн дулаан хангамжийг хөрсний дулааны насос, нарны дулааны коллектор ашиглан шийдвэрлэх өрсөлдөөнт сонгон шалгаруулалтад “Нар энержи селикон метал” ХХК, “Броск” ХХК-ийн түншлэл шалгарч, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Сургуулийн барилгад 110 кВт хүчин чадал бүхий хөрсний дулааны насос, 25 кВт-ын нарны дулааны коллектороор дэмжсэн системийг бүрэн суурилуулж, улсын комисс хүлээн аваад байна.
Хоорондоо 18 м-ийн зайтай 100 м-ийн гүнтэй сорох болон
шингээх хоёр ширхэг босоо цооногийг өрөмдсөн байна.
Мөн барилгын дээвэр дээр дулааны насосыг дэмжиж ажиллах SC-H24-30 загварын 25 кВт-ын хүчин чадалтай нарны илч хураагууруудыг суурилуулжээ.
Харин
техникийн өрөөнд, ОХУ-ын БРОСК-МАРК II 55,4 кВт-ын ус-ус төрлийн хоёр ширхэг дулааны
насосыг байрлуулж, суурилуулалт, дулааны сүлжээний шугам хоолойн угсралтуудыг гүйцэтгэсэн
байна.
Хөрсний дулааны насос, нарны дулааны коллектортой хосолсон систем нь ашиглалтад орсноор, жилд 700-800 МВтц дулааны хэрэглээг хангах бөгөөд, жилд 490 тн нүүрсний хэрэглээ, 686 тн СО2 ялгарлыг бууруулах байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй жишиг төсөл боллоо.
Энэ системээр Жавхлант цогцолбор сургуулийн өнгөрсөн жил ашиглалтад шинээр орсон өргөтгөлийн барилгын 76 хувийг газрын гүний дулаанаар хангах боломжтой боллоо.
Тус сургууль нь халаалтаа хувийн уурын зуухнаас авдаг байсан бөгөөд нэг сард 30 сая төгрөгийг дулаанд зарцуулдаг байжээ. Харин газрын гүний дулаан хангамжийн нээлттэй системийг суурилуулснаар илүү үр ашигтай, өртөг зардал бага болох. Нүүрс түлэх шаталтын порцесс байхгүй, байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг ашиглах.
Нарны илч сайн байх юм бол дулааны насосыг бүрэн ашиглах боломжтой болсон гэж Жавхлант цогцолбор сургуулиас мэдээлэв.
Ус-ус төрлийн дулааны насосыг нарны дулааны коллектороор дэмжсэн системийг алслагдсан бүс нутагт Монголд анх удаа туршиж байгаа ажээ. Зөвхөн дулаан хангамжийг шийдэхээс гадна хэрэглээний халуун усны хангамжийг шийдвэрлэж байгаа нь дэд бүтцэд холбогдоогүй сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн ая тухтай эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бүрдэж байна.