Бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлдэг хүндрэлүүдтэй холбоотой асуудлаар иргэдийн саналыг авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой бизнес эрхлэгчдэд тулгарч буй хүндрэл, эрх зүйн орчны ойлгомжгүй байдал, оновчгүй зохицуулалт зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлын талаарх саналаа нийт иргэдийн зүгээс ирүүлэхийг хүслээ.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас төрийн захиргааны байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, эрх мэдлийн зааг, ялгааг оновчтой тодорхойлж, оролцоог зохистой хангасан, иргэдээ сонсдог, хувийн хэвшилтэйгээ хамтарч ажилладаг тогтолцоог бүрдүүлэх, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжсэн цомхон бөгөөд үр ашигтай, үр нөлөөтэй бүтэц, зохион байгуулалтыг төрийн байгууллагуудын бүх түвшинд нэвтрүүлэх, Засгийн газрын бүтэц, зохион байгуулалтад цогц шинжилгээ хийж, үнэлэлт, дүгнэлт өгч, оновчтой бүтцийг тогтоон, төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодод шилжүүлэх, төрөөс олгох зөвшөөрлийн тоог цөөлж, олон шат, дамжлагыг багасгах, бизнест ээлтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон зорилтыг дэвшүүлээд буй. Энэ хүрээнд бизнес эрхлэгчдээс дээрх саналыг авч эхэлсэн байна.
Иргэд өөрийн саналаа Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт албан тоотоор юм уу, эсвэл info@ags.gov.mn цахим шуудангаар хүргүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 51262046 тоот дугаараас лавлаж болно.