ХОВД: Баруун бүсийн аймгуудын нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтолд оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-11 10:28:06

Жаргалант /МОНЦАМЭ/.  Бэлчээрийн хуулийн төсөлд санал авах баруун бүсийн хэлэлцүүлэг Ховд аймагт болов. 
  

Сүүлийн 30 гаруй жил бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар Монгол Улсын нийт газар нутгийн 70 гаруй хувийг эзэлдэг бэлчээрийн 65 хувь нь өөрчлөгдөж, харилцан адилгүй түвшинд доройтсон.   

Тодруулбал, баруун бүсийн аймгуудын нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь доройтолд орсон гэх судалгаа гарчээ. Ялангуяа ойт хээрийн бүс, хот, суурин газрын орчмоор доройтол илүү эрчимжиж, малынхаа тоо толгойг даацад тохируулах, зохицуулах шаардлага үүсэж байгаа аж.    

Бэлчээрийн доройтлыг даган малчдын амьжиргаа, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтворгүй, бүтээмж доогуур, уур амьсгал, байгалийн эрсдэлд улам бүр эмзэг болж байна. Бий болсон нөхцөл байдал залуучуудыг мал маллахаас татгалзахад хүргэж байна. Иймээс хөдөөгийн тогтвортой хөгжлийн суурь болсон бэлчээрийн газрыг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. 

Бэлчээрийн ашиглалтын ачааллын өнөөгийн горимыг өөрчлөн зохицуулж чадвал нийт доройтсон бэлчээрийн 80 хувь нь байгалийн аясаараа сэргэх боломжтой гэж судлаачид үзэж байна. 

Үүнтэй холбогдуулан "Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт баруун бүсийн хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Монгол Улсад бэлчээр зохион байгуулалт алдагдаж эмх замбараагүй, хариуцлагагүй ашигласны уршгаар талхлагдаж харилцан адилгүй түвшинд доройтож байгаатай холбогдуулан Газрын тухай хуульд энэ талын зүйл заалтуудыг оруулах төслийг хэлэлцэж байгаа.

Уг төслийн хүрээнд дээрх баруун бүсийн хэлэлцүүлгийг өрнүүлжээ.

Ингэхдээ УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо нь НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллага, Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-тай хамтран ажиллаж, холбогдох судалгаа, мэдээллийг танилцуулав. 
  

Ховд аймагт зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцогчдын 70 хувь нь малчдын төлөөлөл байлаа. Өөрөөр хэлбэл, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баян-өлгий аймгийн малчид, сум, багийн Засаг дарга нар, бэлчээр ашиглагчдын холбоо, газрын албаны холбогдох албан тушаалтан гээд 100 гаруй хүн хэлэлцүүлэгт оролцож, нутгийн онцлог, бэлчээрийн төлөв, орон нутагт тулгамдаж буй асуудал, хуульд тусгах шаардлагатай ажлын талаар санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн хууль боловсруулах ажлын багт танилцуулах юм.      

Холбоотой мэдээ