ХОВД: Энэ долоо хоногт нийт нутгаар салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-11 14:13:39

Жаргалант /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 4 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцууллаа.

Энэ сарын 11, 12, 13-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Салхи энэ сарын 11, 12, 15, 16-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр байна. Алтайн салбар уулсаар салхи секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд нийт нутгаар шөнөдөө -5-10 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Энэ долоо хоногийн ихэнх хугацаанд нийт нутгаар салхи шуургатай байх төлөвтэй тул хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчих, аливаа эрсдэлээс сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Холбоотой мэдээ