ДОРНОГОВЬ: Мод тарих чиглэлээр танхим, практик хосолсон сургалт зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-11 14:20:22

Замын-Үүд /МОНЦАМЭ/.“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн албан байгууллагууд өөрсдийн боломж нөхцөлөө дайчлан ажиллаж байна.

Замын-Үүд дэх Хилийн цэргийн 108 дугаар анги ногоон байгууламжийг нэмэгдүүлж, цөлжилтийг сааруулах зорилгын хүрээнд анги байгууллагын алба хаагчдад мод тарих, модны үрсэлгээ суулгац хэрхэн хийх тухай мэдлэг олгох чиглэлээр мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж.

Тухайлбал, аймгийн Политехник коллежтэй энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэх сургалтыг танхим, практик хослуулж  зохион байгуулж буй. Суралцагчид энэ оны тавдугаар сард жилийн сургалтаа дуусгаж, онолын болон практик мэдлэг эзэмшсэн алба хаагчид болон төгсөх ажээ.

"Хилийн бүс нутгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цөлжилтийг сааруулах зорилтын хүрээнд энэ жил нэг га газарт мод тарих зорилт тавьсан. Мод тарихаас гадна хүнсний ногоог өөрсдөө тариалж анги байгууллагаа хангаж улмаар бусад анги нэгтгэлд нийлүүлэх зорилт дэвшүүллээ. Юун түрүүнд бид хүмүүсээ сургаж мэргэшүүлж байна" хэмээн Хилийн цэргийн 108 дугаар ангийн Захирагчийн орлогч, Ар тал хангалтын дарга Дэд хурандаа  Б.Амаржаргал ярив.  

Мод тарих хөдөлгөөн нь зөвхөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээс гадна аймгийн иргэд тодорхой түвшинд ажил орлоготой болох боломж бүрдэх аж.

Холбоотой мэдээ