Б.Лхагвасүрэн: Төгрөгийн ханш тогтворжих хүлээлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-04-11 14:39:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас эдийн засгийн гадаад, дотоод орчны төлөв байдлын талаар өнөөдөр мэдээллээ. Энэ үеэр тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодруулав. 


-Төв банкнаас төгрөгийн ханш тогтворжих хүлээлттэй байгааг мэдэгдэж байна. Ханш дээр юу голлон нөлөөлж буй нөхцөл байдал, хүчин зүйлийн талаар тодруулна уу?

-Төгрөгийн ханш, валютын нөөц төлбөрийн тэнцлээс хамааралтай. Өнгөрсөн оны төлбөрийн тэнцэл 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарахаар байсан бол нүүрсний экспорт сэргэсэнтэй холбогдуулан 700 сая ам.доллар болж буурсан.

Энэ жилийн хувьд мөн 1 тэрбум ам.долларын алдагдалтай байх төсөөлөл бий. Хэдий тийм ч оны эхний улиралд нүүрсний экспорт сайн, орлого өндөр байгаа нь төлбөрийн болон худалдааны тэнцэл алдагдалгүй байх боломжийг бүрдүүлж байна. Энэ утгаар сүүлийн үед гадаад валютын албан нөөц (ГВАН) өсөж, өнөөдрийн байдлаар 3.6 тэрбум ам.долларт хүрээд байна.

Үүнтэй зэрэгцээд валютын дотоодын эрэлт буурсан. Ялангуяа сүүлийн хоёр 7 хоногт арилжааны банкууд Монголбанкнаас валют худалдан авахаасаа илүү Төв банканд худалдах санал ирүүлж байгаа.

Энэ утгаар дотоодод валютын эрэлт, хэрэгцээ тогтворжиж байна хэмээн харж байгаа. Ингэснээр төгрөгийн ханш ковидын өмнөх түвшинд хүрээгүй ч тодорхой хэмжээгээр чангарч эхэлж байна. Улмаар инфляц Монголбанкны зорилтот түвшин болох нэг оронтой тоонд очих, ханш өөрөө тогтворжиж, төгрөг чангарах хүлээлэлттэй байна.

-Гадаад нөхцөл байдлын орчноос учрах эрсдэл хэр байна вэ?

-Гадаад эрсдэл буураагүй, тодорхой хэмжээнд байсаар байна. Өнгөрсөн онд хүндэрсэн олон улсын нөхцөл байдал  үргэлжилсэн хэвээр байна. Тодруулбал, дэлхийн эдийн засгийг тодорхойлдог томоохон зах зээл дээр инфляц хэвээр байна. Гэхдээ манай улсын хувьд экспорт сэргэж байгаа нь дотоодын эдийн засаг энэ онд өсөлттэй, ялангуяа өнгөрсөн оны 4.8 хувийн өсөлтийг бууруулахгүй байх боломж нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа.

-Нүүрсээ биржээр цахимаар худалдаж байгаа нь валютын орлогод хэр нөлөөлөхөөр байна вэ?

-Энд ковидын үеэсээ сэргэж байгаа дэлхийн эдийн засаг голлон нөлөөлнө. Ялангуяа, манай экспортын гол худалдан авагч БНХАУ энэ жилийн эдийн засгийн өсөлтөө 5 хувь байхаар төсөөлж байгаа нь тодорхой хэмжээгээр эрэлтийг бий болгож байгаа. Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ дотроо коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр зэрэг манай улсын цөөн нэр төрлийн боловч голлох экспортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ тогтвортой байх төлөвтэй. Ялангуяа, зэсийн үнэ өсөхөөр байгаа.

Нүүрсээ хилийн үнээр, биржээр дуудлага худалдаагаар борлуулж байгаа нь үнийг тодорхой өндөр хэмжээнд хүргэхэд нөлөөлж байгаа. Гэхдээ ганц үүнээс шууд хамаарч байна хэмээн үзэж болохгүй. Олон зүйлээс шалтгаална. Дэлхийн зах зээлд манайхаас худалдан авах эрэлт ямар байхаас голлон нөлөөлнө.

Гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 4 дүгээр сарын 11-нд банкууд 8.0 сая ам.доллар худалдах, 22.0 сая ам.доллар худалдан авах саналыг тус тус ирүүлснээс Монголбанк 22.0 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүллээ. Банкууд 10.0 сая ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэнд Монголбанк саналыг биелүүлээгүй болно.

-Нүүрсний экспорт хэдийгээр нэмэгдэж буй ч энд урдчилаад мөнгийг нь авсан оффтейк гэрээнүүд эрсдэл учруулах төлөвтэй байгааг АХБ-наас мэдэгдсэн. Энэ талаар Сангийн яам, ЭЗХЯ болон “Эрдэнэс Монгол” нэгдлээс мэдээлж байгаа. Энэ талын эрсдлийн төлөвийн талаар тодруулна уу?

-Өнгөрсөн оны хувьд экспортод гаргасан нүүрсний тал хувийг урдчилж авсан худалдан авалт эзэлж байсан гэсэн тооцоо бий. Энэ оны хувьд валютын нөөцийг өсгөх, ханш тогтворжуулах зорилтын хүрээнд аль болох мөнгө орж ирэх нүүрсээ түлхүү гаргахад анхаарах байх. Ер нь бол оффтейк гэрээний үлдэгдэл 6 сая тонн байгаа гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс нүүрсээ энэ оноос эхлэн зөв бүтэцтэйгээр, эдийн засгийн нөхцөл байдалд тааруулан гаргах нь зөв байх. 

Холбоотой мэдээ