М.Жорданы пүүз 2.2 сая ам.долларын үнэ хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-04-12 14:19:53

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Америкийн домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы гарын үсэг бүхий пүүз дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэ хүрч зарагдсан гутал болжээ.


Sotheby's” дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, “Nike” брэндийн “Air Jordan 13” пүүз мягмар гарагт 2.2 сая ам.доллароор зарагдсан байна. 


М.Жордан энэ пүүзээ “The Last Dance” хэмээн нэрлэгддэг 1998 оны “NBА”-ын шувтаргын тоглолтынхоо үеэр өмсөж байжээ. 


Хэдийгээр дуудлага худалдаагаар зарагдсан үнээрээ дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн ч 2-4 сая ам.долларын үнэ хүрнэ хэмээн урьдчилан тооцоолж байсантай харьцуулахад доогуур үнээр зарагдсан байна.


“Майкл Жорданы спортын холбогдолтой дурсгалт эд зүйлсийн эрэлт хэрэгцээ хүлээлтээс давсаар байгааг өнөөдрийн түүхэн үзүүлэлт нотолж байна” гэж “Sotheby's” ордны мэргэжилтэн Брам Вахтер хэлжээ.


Ташрамд дурдахад, М.Жорданы “Air Ships” пүүз 2021 онд болсон дуудлага худалдаагаар 1.4 сая ам.доллароор зарагдаж байсан бол 1998 оны “NBA”-ын шувтаргын тоглолтын үеэрээ өмссөн өмсгөл нь өнгөрсөн онд 10.1 сая ам.долларын үнэ хүрсэн билээ. 

Холбоотой мэдээ