ЗАВХАН: Олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор шүүхийн шийдвэрийг мэдээлдэг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай/МОНЦАМЭ/.
Завхан аймаг дахь Шүүхийн Тамгын газраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлэсэн
хэргүүдийн талаар цахим сүлжээнд нийтэлж олон нийтэд хууль, хуулийн
хариуцлагын талаарх мэдээллийг нээлттэй өгч байна.
Тодруулбал, сар бүр Эрүүгийн хэргийн нэгээс гурван хэрэгт шийдвэрлэсэн байдлаа олон нийтэд хураангуй байдлаар, иргэдэд ойлгомжтой тоймлон мэдээлж байна.
Шүүхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4,12.5, 22 дугаар зүйлийн 22.10-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн шүүгч шийдвэрийг тухай бүр биечлэн, ойлгомжтой байдлаар олон нийтэд мэдээлнэ гэж заажээ.
Тухайлбал, Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхээс бусдын өмчлөх эрхэд халдаж олон тооны буюу 34 тооны
бод мал хулгайлсан иргэнд хорих ял оногдуулжээ. Иргэн Г.О
нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Завхан аймгийн
Алдархаан сум Богдын гол багийн нутаг дэвсгэр Өндөр толгой гэх газраас Ц.Э-гийн
хүрэн зүсмийн нэг
тооны морь, 2022 оны 05 дугаар
сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол
багийн Мод үржүүлгийн урд талаас Ж.Ч-гийн хонгор зүсмийн нэг тооны морь,
2022 оны 03
дугаар сарын 22-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын
Өлзийт багийн Мах боловсруулах үйлдвэр орчмоос Ш.Х-гийн хээр алаг азаргатай 11
тооны адууг,
2022 оны 05
дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Завхан аймгийн Цагаанхайрхан сумын
Онц багийн нутаг “Модон тан” гэх газраас М.Ж-гийн 21 тооны үхрийг хулгайлсан. Энэ хэрэгт аймгийн прокурорын газраас яллах
дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог.
Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдаг.
Өөрөөр хэлбэл
мал хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд
хөрөнгийн шилжилт хийгдсэн байдаг ба эд хөрөнгийг эзэмшигч өмчлөгчид мэдэгдэхгүйгээр
хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ.
Шүүх Г.О-д
холбогдох хэргийг хянан хэлэлцэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай
ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.О-д 2
/хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 02 /хоёр/ жилийн
хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь Эрүүгийн
хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн
ойлголтод хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн
/морь/-ны үнэ 1300.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосон. Бусдад
учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэргийн талаарх Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр үзвэл, https://shuukh.mn/single_case/82822?daterange=2022-11-30%20-%202022-11-30&id=1&court_cat=2&bb=1 цахим холбоосоор үзэж болох юм. Түүнчлэн энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой юм.
2022 онд Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт эрүүгийн 202 хэрэг, зөрчлийн 333 хэрэг хянан шийдвэрлэжээ. Үүнээс хулгай 11 буюу орон байрны хулгай, мал хулгайлах гэмт хэрэг 21-ийг шийдвэрлэсэн байна.
Харин он гарсаар өнөөдрийн байдлаар 55 эрүүгийн хэрэг, хулгайлах нэг хэрэг, мал хулгайлах 6 хэргийг хянан шийдвэрлэжээ. Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос өссөн байна гэж Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа мэдээлэв.