БАЯНХОНГОР: Газар өмчлөлийн өргөдөл хүлээж авах хугацааг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-04-14 14:06:52

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор суманд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх өргөдлийг энэ сарын 13-наас эхлэн Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хүлээн авч байна.


Өргөдөл хүлээн авахаар зарласан өдрөөс хойш иргэдийн дараалал ихэсч, эмх замбараагүй байдал үүсэхэд хүрээд байгаатай холбогдуулан сумын ЗДТГ-аас зарим зохицуулалт хийх болсноо мэдээллээ. Ингэхдээ, газар өмчлөлийн өргөдлийг хүлээж авах хугацааг ажлын тав хоног байсныг уртасган, бямба, ням гаргийн амралтын өдрүүдийг оруулж энэ сарын 21-ний өдрийг хүртэл сунгажээ.


Иргэдэд тухайн өдрийн дугаарыг багууд дээр тараахаар зохицуулалтыг хийж, 14.00 цагаас тарааж эхэлсэн нь Нэг цэгийн үйлчилгээний төв дэх ачааллыг бууруулсан шийдэл болж байна.


Ийнхүү ирэх долоо хоногийн ажлын өдрүүдэд сунгаж ажиллахаар болсон тул иргэд хүлээцтэй хандаж, хэт төвлөрөл үүсгэн дараалалд зогсохгүйгээр хувийн зохион байгуулалт хийхийг холбогдох албаныхан зөвлөлөө.


Сонирхуулахад, 18 наснаас дээш настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн /үнэмлэх хуулбар хавсаргах/, ахмад настан, залуу гэр бүл, айлын хашаанд амьдарч байгаа иргэн, Улаанбаатар хотоос шилжин суурьшиж буй иргэнд эхний ээлжид газар олгох аж.

Холбоотой мэдээ