СТАТИСТИК: Инфляцын өсөлтийн 42.6 хувийг импортын бараа эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ны мэдээллээр өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 3 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.2 хувь, өмнөх оны эцсээс 3.4 хувь, өмнөх сараас 1.0 хувиар тус тус өсжээ.
Үүнд:
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.3 хувь
(согтууруулах бус ундааны дэд бүллгийн үнэ 21.0 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээр 9.0 хувь,
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээр 13.5 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ
дүнгээр 13.8 хувь,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээр 7.2
хувь,
- тээврийн бүлгийн үнэ дүнгээр 5.4 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 20.1 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2022 оны 3 дугаар сард 15.7 хувь гарч байсан бол энэ оны 3 дугаар сард 12.2 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.5 нэгж хувиар буурчээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж байна. Инфляц энэ оны 3 дугаар сард 12.2 нэгж хувь гарсны 5.2 (42.6 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ.