Нийт экспортын 95 хувь нь түүхий эд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын экспорт 1995-2021
онд жилд дунджаар 14.5 хувиар нэмэгджээ. Үүнд, уул уурхайн экспорт 17.1
хувиар, уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспорт 7.2 хувиар тус тус өссөн
байна. Энэ талаар ҮСХ, МҮХАҮТ-аас хамтран
хийсэн “Монгол Улсын экспортлогч ААН-үүдийн
нөхцөл байдал" судалгаанд
дурджээ.
Уул уурхайн болон уул уурхайн бус экспортын хоорондын харьцаа 10 шахам хувиар зөрүүтэй байгаа дээрх байдлыг ойртуулж, тэнцүүлэх боломж манай улсад байгааг Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын дарга Т.Дүүрэн судалгааны дүнг танилцуулах үеэр хэллээ.
Тэрбээр, “Бусад улс орныг бодвол Монгол Улс дэлхийн хамгийн том импортлогч БНХАУ-тай хил залган оршдог. Мөн хөрш ОХУ-ын Сибирийг оруулбал том худалдан авагч байна. Тиймээс манай улс аль болох нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн, ялангуяа энд уул уурхайн бус салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлбэл дэлхийн хоёр том зах зээл бэлэн байна. Гагцхүү манайд экспортын санхүүжилтийн механизм дутагдаж байна. Үүнийг бидний судалгаа харуулж байна” хэмээн тайлбарлалаа.
Экспортлогч ААН-үүдийн 90
орчим хувь нь санхүүжилтийн эх үүсвэрийг өөрийн хөрөнгөөр шийдвэрлэж буй нь
судалгаагаар гарчээ. Энэ нь экспортлогч нарт тухайн төрлийн бизнест тохирсон санхүүгийн
хэрэгцээ өндөр хэдий ч тэр зорилтот санхүүжилтийн дэмжлэг, хөрөнгө оруулалт
дутмаг, үүнээс болж экспорт хангалттай өсөхгүй, өөрсдөө дэвжиж чадахгүй байгаа
нь гарчээ. Харин уул уурхайн бус экспортыг тооцвол нийт экспортын дүнгийн 6
орчим хувийг бүрдүүлж байна. Нийт экспортын бараа, бүтээгдэхүүний ойролцоогоор
95 хувь нь түүхий эд хэлбэрээр гарч, хилийн цаана боловсруулагдаж байна.
Манай улсад экспортод бүтээгдэхүүн,
үйлчилгээ гаргадаг 1923 ААН байна. Эдгээрийн 1219 нь хааяа экспорт хийдэг
бол 704 нь бүтээгдэхүүнээ тогтмол экспортолж байгааг Эдийн засгийн
судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар танилцуулав. ААН-үүдийн 77.1 хувь
буюу 1.5 мянга орчим нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна.
81 орчим хувь нь 2.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой бичил, жижиг
дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нар байна.
Экспортын салбар 2022 оны
дүнгээр 12.5 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ий 83.2 хувьтай тэнцэж байна. Үйл
ажиллагаа явуулж буй ААН-үүдийн 4.2 хувь нь энэ салбарт ажиллаж байна. Хэдий
ийм бага хувийн, тэнцвэргүй байдал гарч буй ч түүхий эд бэлтгэн нийлүүлэгч,
ханган нийлүүлэлтийн сүлжээний оролцогч талуудыг оруулан тооцвол илүү өргөн салбарыг
хамарсан, манай улсын эдийн засгийн нөлөө бүхий салбар болж буйг ҮСХ-ны
Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч Л.Энхбаатар танилцуулав.
Экспортлогч нарт санхүүжилт,
хөрөнгө оруулалтаас гадна мэдээлэл, харилцаа холбоо, зохион байгуулалт,
менежмент, бизнес хөгжүүлэлт, техник, технологи, инновац хэрэгтэй байна. Гэхдээ
энэ талын буюу дэвшилд тулгуурласан боломжит нөөцийг тэд ашиглаж чадаж буйг Эдийн
засгийн судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар хэллээ. Энд Agile буюу боломжит нөөцийн хүрээнд уян хатан арга барилаар
бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгч нарт хурдан шуурхай, хүндрэл багатай хүргэж
буй бизнесийн чиг хандлагыг баримталж байна гэв.
Экспортын бүтцийн
өөрчлөлт: 1989 онд буюу зах зээлд
шилжих үед манай улсын экспортын 79.9 хувийг Орос улс, 2.1 хувийг БНХАУ эзэлж
байсан бол одоо эсрэгээр 82.7 хувь нь БНХАУ, 0.7 хувь нь ОХУ-д ногдож байна.
Манай улс охид, эмэгтэйчүүдийн сүлжмэл, төрөл бүрийн цамц (кофт, блуз) хамгийн олон буюу 31 оронд экспортолжээ. Удаалаад мөн бусад сүлжмэл гадуур хувцас (свитер цамц, пуловер, джемпер, жилет) ямааны ноолууран болон сүлжмэл өмд зэрэг бараа бүтээгдэхүүнийг 27-29 оронд гаргаж байна.