Энэтхэгт “Apple”-ийн анхны дэлгүүр нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-19 09:00:48

МУМБАЙ. /Reuters/. Энэтхэгийн Мумбай хотноо “Apple” компанийн жижиглэнгийн худалдааны анхны дэлгүүр нээгдлээ. 


Мягмар гаргийн үдээс хойш зохион байгуулагдсан нээлтэд оролцохоор Энэтхэгийн өнцөг булан бүрээс “Apple”-ийн үнэнч хэрэглэгчид болох 300 орчим хүн хуран цуглажээ. Нээлтийн үйл ажиллагаанд мөн Apple”-ийн тэргүүн Тим Күүк оролцож, Энэтхэгийн зах зээлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.


Apple”-ийн бүтээгдэхүүнүүдийг Энэтхэгт цахимаар худалдаж авах бололцоотой байсан хэдий ч зарим үнэнч хэрэглэгч өөрийн биеэр худалдаж авахын тулд урьд шөнөөс нь эхлэн дугаарлалтад зогсож хүлээсэн байна.


Тэдний нэг болох 30 настай Пүрав Мехта Reuters” агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө “eBay”-ээс худалдан авсан шинэ “iPod Touch”-ын хайрцаг дээр Т.Күүкийн гарын үсэг зуруулах, мөн шинэ дэлгүүрээс ухаалаг цаг худалдан авахаар хүлээн дугаарлаж буйгаа хэлээд  “Миний дотор хүн- фэн маань энэ зэргийн зүйлийг тоохгүй шүү дээ” хэмээжээ.


Энд цугласан олон хэрэглэгч “Apple”-ийг үндэслэн байгуулагч Стив Жобсын дуртай байсан загварын биеийн тамирын цамцыг өмсөж, зарим нь компанийн логоны дүрсийг гарган үсээ засуулсан байсан төдийгүй нэгэн хэрэглэгч “Apple”-ийн хамгийн анхны буюу 1984 онд үйлдвэрлэсэн компьютерийг авч ирсэн байв.


Өмнөд Азийн энэхүү том гүрэнд “Apple”-ийн дэлгүүрийг нээхэд өмнө нь хүндрэл үүсэж байсан аж. 2020 онд цахим дэлгүүрээ нээснээс хойш тус компанийн барааг цахим хуудсаараа борлуулж байжээ.


Шинэ дэлгүүр нээгдсэнээр Энэтхэгийн хэрэглэгчид 120 ам.доллароос хямд үнэтэй бүтээгдэхүүнээс эхлээд сүүлийн үеийн шинэ ухаалаг утасны загваруудаас сонгон худалдан авах боломжтой болж байна.


Apple”-ийн үнэтэй гар утасыг худалдан авах бололцоотой хүмүүс одоо ч гэсэн Энэтхэгт цөөхөн байсаар байгаа бөгөөд гэхдээ тэд зах зээлийн дөнгөж 3 хувийг эзэлж байна.


Ташрамд дурдахад, “Apple”-ийн хоёр дахь дэлгүүр Дели хотод ирэх пүрэв гарагт нээгдэх аж.


Тус компани нь мөн гар утас болон “iPad”, AirPod” зэрэг зарим бүтээгдэхүүнээ Энэтхэгт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. 

Холбоотой мэдээ