АРХАНГАЙ: Цэнхэр сумын 30 га газарт гарсан хээрийн түймрийг цурамд оруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-19 10:28:45

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газарт 2023.04.17-ны өдрийн 17.04 цагт Цэнхэр сумын Цэнхэр багийн Дөрвөлжин хөндий хэмээх газарт хээрийн түймэр гарсан тухай дуудлага иржээ. Уг хээрийн түймэр нь ой руу ороогүй ба 30 га газрыг хамарсан байна.

 

Өнөөдрийн байдлаар цурамд оруулж, унтраагаад байна. Түймрийг аймгийн ОБГ-ын 12, нэг автомашин, сумын мэргэжлийн ангиас 34 хүн, 3 машин, 7 мотоциклтэй ажиллаж байна.

 

Тус сумын Дөрвөлжин хөндий хэмээх газар нь аймгийн төвөөс 90 гаруй км, сумын төвөөс урагш 50 гаруй км-т байдаг байна. Түймэр гарсан газрын ойр орчинд дөрвөн хот айл байгааг мэдээлсэн ба ямар нэг байдлаар галд өртөөгүй байна. Одоогийн байдлаар шалтгааныг шалгаж байгаа ажээ.

 

Аймгийн Онцгой байдлын газраас хуурайшилтын үе эхэлж, салхи шуурга их байгаа энэ үед ард иргэдийг ой хээрт аялж зугаалахгүй байх, мод бэлтгэхгүй байх, автомашины оч баригчийг тогтмол хийх, татсан тамхины ишийг унтрааж хаях, өвөлжөө, хаваржааны шар өвсийг шатаахгүй байх, үнс нурмыг тагтай саванд хийх зэрэг урьдчиан сэргийлэх мэдээллийг өгч байна.

Холбоотой мэдээ