190 гаруй тонн төмс, хүнсний ногоо хураах урьдчилсан тооцоо гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-07 10:40:28

Дундговь аймгийн ногоочид ургацаа хурааж эхэлжээ. Тэд өнгөрсөн хавар нийт 30.5 га- д төмс, 17.4 га-д хүнсний ногоо тариалсан бөгөөд үүнээс өнөөдрийн байдлаар 4 тонн төмс, 2.1 тонн хүнсний ногоо хураан аваад байна.

Дундговь аймагт нийт 130 иргэн, 15 аж ахуйн нэгж төмс хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ тарьсан. Цаг агаараас шалтгаалан өнгөрсөн хавар тариалалт цаг хожуудсан боловч зундаа хур бороо сайтай байсан нь ногоочдод таатай нөхцлийг бүрдүүлсэн байна.

ХХАА- н газрын агрономич н. Эрдэнэтунгалагийн мэдээлснээр аймгийн хэмжээнд 132.4 тонн төмс, 57.4 тонн хүнсний ногоо хураан авах урьдчилсан тооцоо гаргасан бөгөөд сүүлийн гурван жилд ургацын хэмжээ буураагүй, хэвийн байгаа ажээ.

Тус аймгийн жишсэн дундаж хүн амын төмсний жилийн хэрэгцээ 1877 тонн, хүнсний ногооны хэрэгцээ 2682 тонн байдаг. Орон нутагтаа тариалсан төмс энэ хэрэгцээний 6 хувь, хүнсний ногоо дөнгөж 1.4 хувийг эзэлдэг байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ