АРХАНГАЙ: Тариалангийн талбайн хөрсний шинжилгээгээр хөрсний эвдрэл дундаас доогуур гэж гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, ХХААГ хамтран “Архангай 100-Тариалангийн сэргэлт” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын
танхимд зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг
хэрэгжүүлэх, хаврын тариалалт эхэлж буйтай холбогдуулан аймгийн газар
тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг
таниулан сурталчлах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлэх, улмаар салбарын хөгжлийг хангах гарцыг олох юм.
Архангай аймгийн хөгжлийн гол хөшүүрэг нь хөдөө аж ахуй
буюу газар тариалан, мал аж ахуй юм. Газар тариалан эрхлэлт бол хөрс, цаг
агаар, үр сортын сонголт, бордоо, техник төхөөрөмж, хүний нөөц зэрэгт
тулгуурлаж хөгжих нь зүй. Мөн үр тариа, ногоон тэжээл, төмс, хүнсний ногооны
тариалалтыг хийхдээ хөрсний үржил шимийг алдагдуулахгүйгээр, шинэ технологийн
мэдлэг мэдээллийг судалж, сурч байж, тариалалтаа хийх цаг үе тулгараад байгааг
хэлж байв.
Газар тариалан эрхлэлтийн хамгийн чухал зүйл нь хөрсний
элэгдэл, эвдрэлгүй, үржил шимтэй хөрстэй байх явдал юм. Архангай аймгийн ХХААГ
нь Дархан-Уул аймгийн хөрсний шинжилгээний байгууллагатай хамтран долоон сумын
41 иргэн, ААН-ийн нийт 7815 га талбайд хөрсний шинжилгээг хийлгэхэд
тариалангийн хөрсний эвдрэлийн үзүүлэлт нь дундаас доош гэж гарчээ.
Хөрсний элэгдэл эвдрэлд нөлөөлдөг гол хүчин зүйл нь уур амьсгал
буюу үер устай бороо, цасны шар ус, 13 метр секундээс давсан шороон шуурга,
газрын газаргын төрх, хөрсний бүтэц, ургамалжилт, хүний /нийгэм,
эдийн засаг/
оролцоотой нөлөөллүүд байдаг байна. Мөн их хэмжээний цас орсны дараа гэнэт
дулаарах, салхи ихтэй үед газар хагалах нь хүртэл хөрсний эвдрэлийг түргэн
хугацаанд бий болгодог байна. Иймд газар тариалан эрхлэгчдийг тариалалтаа
эхлэхийн өмнө цаг агаарын мэдээгээ сайтар харж, ажлаа эхлүүлж байхыг, мөн өөрсдийн
талбайгаа хашиж, хамгаалах нь хөрсний эвдрэлд өртөхөөс сэргийлж болох нэг арга
зам гэлээ.
Мөн Архангай аймагт хөрсний
шинжилгээ хийсэн байгууллагаас хөрсний элэгдэл, эвдрэлийг нэмэгдүүлэхгүй байх,
цаашид урьдчилан сэргийлэхэд ямар бордоог хэрэглэх, хашаа хайсыг хэрхэн татах
зэрэг талбайн хөрсийг хамгаалах чиглэлээр зөвлөмж ирнэ гэлээ. Энэ зөвлөмжийг
аймгийн хэмжээнд ажиллаж байгаа тариаланчдадаа хүргэж, хөрсний эвдрэлийн
үзүүлэлтийг бууруулах зорилготой ажиллах ажээ.