ХОВД: "Сутайн сувд" цех өдөрт 200 орчим арьс нэхий боловсруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-04-27 10:10:58

Дарви /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын баг Дарви суманд ажиллах үеэрээ "Сутайн сувд" арьс,  нэхий боловсруулах цехийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Дарви сумынхан зах зээлд үнэгүйдсэн арьс нэхийг нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэх, малчдынхаа эдийн засгийг дэмжих, ажлын байр бий болгох зорилгоор 2022 оны 6 дугаар сард тус цехийг байгуулжээ.

Тус цехnau байгуулснаар 3 хүн ажлын байртай болсон төдийгүй 1000-2000 төгрөгөөр худалддаг хонь, ямаа, хурганы арьсыг 5000 төгрөгөөр малчдын гар дээрээс худалдан авч, 10-аад нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан боловсруулж байна.

Улмаар боловсруулсан арьсаа ашиглан дээл, машины суудал, ханцуйвч гэх мэт 7-8 төрлийн бүтээгдэхүүн хийж,  дунджаар 35-40 мянган төгрөгөөр борлуулж, орлогоо нэмэгдүүлдэг гэж "Сутайн сувд" арьс нэхий боловсруулах цехийн ахлах ажилтан  Г.Энхманлай хэллээ.

Дарви суманд арьс, нэхий боловсруулах цех байгуулахад сумын удирдлагууд дэмжиж, үйл ажиллагаагаа тогтмол явуулах байрны асуудлыг нь шийдвэрлэж өгсөн бол Дэлхийн байгаль хамгаалах сангаас 100 хувь буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж олгожээ.  

Тус цех нь одоогийн байдлаар 200 орчим арьс, нэхий боловсруулж байна. Өөрөөр хэлбэл,  өдөрт 120 ширхэг хурганы арьс, 50 гаруй хонь, ямааны арьс боловсруулах боломжтой аж.

Одоогийн байдлаар Дарви суманд өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй. Тэдний нэг төлөөлөл бол "Сутайн сувд" арьс нэхий боловсруулах цех юм.  Тус цехийн хамт олон цаашид үхрийн шир авч элдэн, сур суран бүтээгдэхүүн хийх, үйл ажиллагаагаа илүү өргөжүүлэхээр зорьж ажиллаж байна.  

Холбоотой мэдээ