Европын Холбоо руу ойртох гарцыг өргөтгөх чухал зочин

ТОЙМ
uranatuya@gmail.com
2023-04-28 08:46:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн айлчлал хоёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг гол болгосон ажил хэрэгч айлчлал болж өндөрлөлөө.

 

Юуны өмнө БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда Монгол Улсын баримталж байгаа гадаад бодлого, өнөөдрийн байр суурьт ихээхэн хүндэтгэлтэй хандсаныг хэвлэлүүд онцолж байна. Мэдээж айлчлалын үеэр дэлхийн хамгийн халуун цэг болоод байгаа Украин-Оросын талаар үг дуугүй өнгөрөхгүй нь ойлгомжтой байв. Учир нь Польш Улсын хувьд 10 саяас ч илүү Украин дүрвэгчийг хүлээн аваад байгаа, Оросын түрэмгийллийн эсрэг тууштай байр суурь баримталж буй орон. Гэвч Ерөнхийлөгч А.Дуда манай улсын онцлог, дундыг эрхэмлэх байр суурийг маш ухаалгаар хүндэтгэн үзэж, Орос, Украины асуудлаарх яриаг гүнзгийрүүлэлгүй орхив. Харин Украин Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэн, дүрвэгсдийг хүлээн авахад Монгол Улс дэмжлэг үзүүлснийг өндрөөр үнэлдгээ хэлжээ.


Польшийн Ерөнхийлөгчийн Олон улсын бодлогын асуудал эрхэлсэн газрын дарга Марцин Пжидач, “Ерөнхийлөгч геополитикийн нөхцөл байдал, түүнчлэн аливаа улсын, тэр дундаа Монголын сонголтыг гүнээ хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч улсынхаа байр суурийг танилцуулна. Гэхдээ Варшав, Улаанбаатарын харилцаа нь эдийн засаг, соёл, эрдэм шинжилгээний харилцаанд голчлон анхаардаг. Польшийн туршлагад тулгуурласан олборлох арга, технологийг мөн хамтын ажиллагаандаа багтаах ёстой гэдгийг Монголын түншүүддээ ойлгуулахыг хүсэж байна. Хоёрдогч чухал салбар бол хүнсний үйлдвэр байх болно” хэмээн хэлжээ.

 

Хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт хийж, Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцсон билээ.

 

Ерөнхийлөгч нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Бид хэлэлцээний үеэр цар тахал, олон улсын харилцаа, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн том сорилтуудын үр дагавар, нөхцөл байдал, шийдлийн талаар ярилцаж, хүндрэл бэрхшээлийг хамтын чармайлтаар даван гарна гэдэгт санал нэгдлээ. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нээлттэй, олон тулгуурт, энх тайванч бодлогыг эрхэмлэдэг Монгол Улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүс нутагтаа хөгжүүлэхийг эрмэлзэж буй Польш Улсын байр суурь, бодлогыг хүндэтгэж, НҮБ болон бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээ дахин нотоллоо" гэсэн юм. 

Польш Улсын Үндэсний мэдээллийн PAP агентлаг энэ айлчлалын талаар, “Монгол бол асар их нөөц бололцоотой, байгалийн арвин их баялагтай, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулахад таатай чухал түнш улс. Бид цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна. Энэ айлчлал Польш-Монголын харилцааг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна” гэж Польшийн Ерөнхийлөгч Анджей Дудагийн хэлснийг онцлон мэдээллээ.

Ерөнхийлөгч Дуда, “Энэ айлчлал Польш-Монголын харилцааны сэргэлтийг авчирна гэдэгт итгэж байна. Бид Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэж байна” гэж хэлснийг Польшийн албан ёсны хэвлэлүүд айлчлалын үеэр онцолж байв.

 

Төрийн тэргүүн нарын уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцлоо.

 

Цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтээн байгуулалт, зам тээвэр, боловсрол, геологи, уул уурхай, шинжлэх ухаан, соёл урлаг, байгаль орчин, иргэд хоорондын харилцаа зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр санал нэгдсэн юм. “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллаж, энэ чиглэлээр монгол оюутнуудыг БНПУ-д сурган, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хөдөө аж, ахуй, байгаль орчны салбарт хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төрийн айлчлалын хүрээнд БНПУ Монгол Улс дахь Элчин сайдын яамаа дахин сэргээж, албан ёсоор нээв. Ирэх оноос Консулын газар ажиллуулах юм.


Манай улсын хувьд бүс нутагтаа нэр хүнд, ач холбогдол чамлахааргүй нэмэгдэж байгаа энэ үеэ ашиглаад эдийн засгийнхаа хүрээг тэлэхэд ихээхэн анхаарч байгаа. Тийм ч учраас хуучнаар социалист гэгддэг орнуудтай харьцуулахад эдийн засаг нь хамгийн их өсөлттэй явдаг, Европын Холбооны улсууд дундаа ч эдийн засгийн хүчирхэг байдлаа тогтвортой хадгалж чаддаг БНПУ-тай эдийн засгийн харилцаагаа батжуулж авах нь томоохон боломж гэж ойлгож болно. Мөн тус улсаар дамжуулан Европын бусад улстай харилцаагаа нэмэгдүүлэх ашигтай нүүдлийн зам ч нээлттэй байна. Нэг ёсондоо улс төр, геополитикийн асуудлын зэрэгцээ эдийн засгийн харилцаа холбооны хувьд сайн хамтрагч болцгооё гэсэн зорилго бүхий тун чухал зочин ирээд буцлаа.


Хамгийн гол нь, бизнес худалдааны туршлага, түүх арвин Польш улсын тал Азидаа бизнесийн нэлээд хөдөлгөөнтэй бүс болох магадлал өндөр манай улсын ирээдүйтэй нөхцөл байдлыг соргог анзаарч, хамтарч болох бүх салбарт нээлттэй харилцааг бий болгох нь ээ. Эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгуурт, зохистой бүтэцтэй болох, худалдаа, бизнесийн салбараа хөгжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа манай улсад тус нэмэр үзүүлэх улс орнуудын эхэнд тус улс  бичигдэнэ.


Айлчлалын бүрэлдэхүүнд парламент, Засгийн газар, бизнесийн төлөөлөл багтсан. Айлчлалын үеэр зохион байгуулсан бизнес форумд Польшийн талаас хүнс, барилга, эм зүй, уул уурхай, санхүүгийн салбарын компаниудын төлөөлөл оролцлоо. Энэ бол Польшийн бизнесүүд Монгол Улсыг сонирхох болсны илрэл юм. Польш Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Здзислав Сокал ч мөн хоёр улсын харилцаа өргөжиж, худалдааны эргэлт нэмэгдэхийн хэрээр тус улсын аж ахуйн нэгжүүд Монгол Улсыг илүүтэй их сонирхох болсныг хэлж байв.


Польш бол эдийн засгийн өндөр өсөлттэй орнуудын нэг. Зүүн Европын орнууд дундаа банк, санхүүгийн тогтвортой тогтолцоотойд тооцогддог. Мөн хөдөө аж ахуй, хүнд машин механизм, хүнсний үйлдвэрлэл болон аялал жуулчлалын салбараа бодлогоор дэмжиж, эдийн засгаа эрчимтэй солонгоруулж чадсан, ямар ч авлигагүйгээр хүчирхэгжиж байгаа орон гэгддэг. Нөгөө талаар Европын холбооны зүүн хязгаар билээ. Үүгээрээ манай улстай хамгийн ойрхон Европын холбооны улс болж байгаа юм.


Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны түүх тэртээ 1950-иад  оноос эхэлсэн байдаг. 1990 оноос өмнө манай улсад тоосго, шохой, хөнгөн бетоны үйлдвэр, мод боловсруулах комбинат, дулааны цахилгаан станц хүртэл байгуулж өгч байсан юм.


Одоо Европын Холбооны Улсууд дундаа Монгол Улс руу хийж байгаа экспортын хэмжээгээр Польш тэргүүлж байна. Худалдааны эргэлт 100 сая ам.долларт хүрч, сүүлийн гурван жилд хоёр дахин нэмэгдсэн гэсэн статистик мэдээлэл гарсан. Тэгвэл энэ айлчлал хоёр орны эдийн засаг, худалдааны үзүүлэлтийг одоогийн байгаагаас илүү нөхцөл байдалд хүргэх найдвар төрүүлэв гэж ажиглагчид үзэж байна.


Хоёр улсын уламжлалт сайн харилцаа, хамтын ажиллагаа цаг үеийн бэрхшээлтэйд ч тасраагүй, харин ч бүр идэвхжсэн байгаа нь ямар ч үед харилцааны доголдол гарахгүй байх боломжтой улсууд юм гэдэг нь харагдаж байна.


Польш улсаас Монгол руу хийж буй экспортод хүнсний бүтээгдэхүүн, бэлэн хувцас, барилгын материал голлох хувийг эзэлж байна. Мөн Польшийн компаниуд Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллаж, уул уурхайн машин, тоног төхөөрөмж, аюулгүй байдлыг хангах техник хэрэгсэл нийлүүлдэг аж. Тус улсаас Монгол Улсад экспортолж буй бараа, бүтээгдэхүүн тогтмол өсөн нэмэгдэж байгаагийн зэрэгцээ бизнес эрхлэгчид  нь Монголд дэд бүтэц, барилга, агуулах хангамжийн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгааг Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн Экспортын газрын дарга Лукаш Грабовски хэлж байлаа.

 

Тус улстай хамтарч ажиллах бололцоотой өөр нэг салбар бол уул уурхай. Гурав дахь хамтарч болох салбар нь банк, санхүү юм. Ялангуяа Польшийн банк, санхүүгийн салбар 2000 оноос ихээхэн эрчимжсэн. Дэлхий даяар банк, санхүүгийн салбар цахимжиж байгаа энэ үед Төв болон арилжааны банкуудын хооронд хамтарч ажиллах, санхүүгийн эх үүсвэр татах өргөн боломж байгааг дурдаж болох юм. Аялал жуулчлал ч мөн амжилттай хамтрах боломжтой салбар. 

 

Түүнчлэн далайд гарцгүй манай орны хувьд Европ руу тээвэрлэлт хийх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхдээ Польш Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх нь ашигтайг бизнесийн салбарынхан хэлж байгаа юм. Бараа бүтээгдэхүүн нь чанартай, Европын бусад оронтой харьцуулахад тээврийн зардал хямд байдаг нь олзуурхах нэг тал нь. Тээврийн зардлаас шалтгаалсан үнийн өсөлтийг бага ч атугаа хязгаарлахад энэ бол тун аятайхан зам.


Ямартаа ч Польш Монголыг чухалчлах нь монголчууд Европын улс орнуудад нэвтрэх хаалга илүү өргөсөж байгаа хэрэг гэж судлаачид энэ айлчлалын талаар нэлээд эерэг байр суурь илэрхийлж байна. 

Монгол, Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн хэлэлцээрээр хэрэгжүүлж буй төслүүд гэвэл, аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламж барихаас өгсүүлээд хог хаягдлын менежментийг сайжруулах, орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглосон автомашин нийлүүлэх гэх мэтийг дурдаж болно. 

 

БНПУ нь анх НҮБ-ыг байгуулсан 51 улсын нэг бөгөөд 1999 онд НАТО, 2004 онд Европын Холбооны гишүүн, 2007 онд Шенгений орны нэг болсон юм.

 

Хоёр улс төрийн тэргүүний түвшинд 5-10 жилийн давтамжтай харилцан айлчлал хийж ирсэн бөгөөд өмнөх айлчлалаас хойш 10 жилийн дараа Ерөнхийлөгч Анджей Дуда айлчилсан нь энэ. Хамгийн сүүлд буюу 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски Монгол Улсад айлчилж байв. 

Холбоотой мэдээ