ДАРХАН-УУЛ: Насанд хүрээгүй иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-05-01 10:08:03

Дархан /МОНЦАМЭ/. Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн мэдээлснээр тус аймгийн Цагдаагийн газарт 2023 оны эхний гурван сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн дотор насанд хүрээгүй иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдох нь нэмэгджээ


Энэ хугацаанд нийт 175 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 42 буюу 31.6 хувиар өссөн үзүүлэлтэй байна.


Мөн нийт гэмт хэрэгт холбогдогчдын 124 буюу 70.8 хувь нь 18-39 насны залуучууд байгаа нь 2022 оны эхний гурван сарын статистик үзүүлэлтээс 2.4 хувиар өсжээ. Түүнчлэн гэр, орон сууцанд гэмт хэрэг хамгийн өндөр хувиар үйлдэгддэг аж.  Гэмт хэрэг гарсан  байдлаар авч үзвэл гэр, орон сууцанд 73 гэмт хэрэг үйлдэгдэж 37 буюу -33.6 хувиар, аж ахуйн нэгжид 8 гэмт хэрэг үйлдэгдэж 11 буюу -57.9 хувиар, бусад газарт 38 гэмт хэрэг үйлдэгдэж хоёр буюу -5.0 хувиар тус тус буурсан аж. Харин гудамж талбайд 26 гэмт хэрэг үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс хоёр буюу 8.3 хувиар, олон нийтийн газарт 47 гэмт хэрэг үйлдэгдэж 16 буюу 51.6 хувиар, төрийн байгууллагад гурван гэмт хэрэг үйлдэгдэж нэг буюу 50.0 хувиар тус тус өссөн байна.


Ахуйн нөхцөл буюу гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх хувь нь согтуугаар үйлдэгддэг аж. Бүртгэгдсэн гэмт хэргийн 15 буюу 7.3 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 61 буюу 29.6 хувь нь согтуугаар, 10 буюу 4.8 хувь нь насанд хүрээгүй хүн оролцож, 23 буюу 11.2 хувь нь эмэгтэй хүн оролцож, 23 буюу 11.2 хувь нь бүлэглэн үйлдэгдсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 12 хэргээр буюу -44.4 хувиар, Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 18 хэргээр буюу -22.8 хувиар, Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 9 хэргээр буюу -28.1 хувиар тус тус буурсан аж. Харин насанд хүрээгүй хүн оролцсон гэмт хэрэг 9 хэргээр буюу 10 дахин, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 19 хэргээр буюу 5.7 дахин тус тус өссөн байна.


Гэмт хэрэг зөрчлийг цагийн байдлаар авч үзвэл 22:00-06:00 цагийн хооронд гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг аж. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар нь энэ оны эхний эхний гурван сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 1002 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 228 гомдол, мэдээллээр буюу -18.5 хувиар буурсан. Нийт хүлээн авсан гомдол, мэдээллийн 390 буюу 38.9 хувийг гэмт хэргийн шинжтэй, 612 буюу 61.1 хувийг зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл эзэлж байна.


Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сарын байдлаар 10.167 гэмт хэрэг бүртгэгдсэний 206 буюу 2.0 хувийг, орон нутагт 3.017 гэмт хэрэг бүртгэгдсэний 6.8 хувийг Дархан-Уул аймагт бүртгэгдсэн гэмт хэрэг эзэлжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хэргээр буюу -12.7 хувиар гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Холбоотой мэдээ