ДУНДГОВЬ: "Сайн хичээл-2023" үйл ажиллагаа залуу багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилготой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн БШУГ-аас цэцэрлэгийн залуу багш нарыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор “Сайн хичээл-2023” үйл ажиллагааг зохион байгуулж, 1-5 жил ажиллаж буй багш нар арга зүй, туршлагаа хуваалцав.
Дундговь аймаг 2023 оныг "Боловсролын чанар хүртээмжийг дэмжих жил" болгон зарлаж, салбар бүрд боловсон хүчнийг чадавхжуулах, хүний нөөцийг нэмэгдүүлэх, тогтвортой ажиллуулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буй. “Сайн хичээл-2023” үйл ажиллагааг цэцэрлэгийн залуу багш нарын дунд зохион байгуулж, 15 сумын 22 цэцэрлэгийн багш нар оролцлоо.
Залуу багш нарыг уралдуулах нь чухал биш, тэдэнд урам
зориг өгч, ажиллах хүсэл эрмэлзлэлийг төрүүлж, цаашид ажиллах арга зүйг
нэмэгдүүлэх нь тус үйл ажиллагааны зорилго байсныг багш нарын хичээлд сууж,
үнэлгээ өгсөн комиссын гишүүд онцолсон.
Сүүлийн үед дэлгэцийн хамаарал, ковид цар тахлын улмаас
завсардсан зэргээс хүүхдийн хэл ярианы хөгжил муудаж, нэг хоёр үгээр дохих,
зангах төдийхнөөр харилцдаг болсон тул энэ удаагийн сургалтыг “Хэл ярианы
суралцахуй”-н чиглэлийг сонгон явуулсныг ч мөн тодруулсан юм.
Энэхүү үйл ажиллагаа нь дуу хөгжмийн болон бүлгийн багшийн гэсэн 2 төрлөөр болж, багш нар сургалтыг маш өвөрмөц, хүүхдийн сонирхлыг татсан, тоглоомын аргаар мэдлэг олгосон, өв соёлыг таниулсан, өөрсдөөр нь гүйцэтгүүлж чадавхжуулсан хэлбэрээр явуулсан юм.
Бүлгийн багш нараас Дэлгэрцогт сумын цэцэрлэгийн багш Э.Бүжидмаа түрүүлж, Сайнцагаан сумын 2 дугаар цэцэрлэгийн багш Л.Батцэцэг, Баянжаргалан
сумын цэцэрлэгийн багш Э.Мядагмаа нар хоёрдугаар байрт, Хулд сумын цэцэрлэгийн
багш О.Эрдэнэчимэг, Дэлгэрхангай сумын цэцэрлэгийн багш Б.Пүрэвчулуун, Сайнцагаан
сумын 7 дугаар цэцэрлэгийн багш Б.Цэрэнсодном нар
гуравдугаар байрт шалгарчээ.
Харин Дуу хөгжмийн багш нараас Сайнцагаан сумын 8 дугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Э.Дашням түрүүлж, Дэрэн сумын цэцэрлэгийн дуу хөгжмийн багш Б.Ариунаа удаалсан байна.