БАЯНХОНГОР: Татвар төлөгчдийн нэрэмжит төгөл байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-11 11:41:17

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2023 оны Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд шилдэг татвар төлөгчдийн нэрэмжит “Татвар төлөгчдийн төгөл” байгуулахаар болжээ. Аймгийн Татварын хэлтсийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэн ийнхүү төгөл байгуулж, бусад албан байгууллагуудад ч уриалга хүргүүлэх аж.

Монголын Татварын алба жилийн бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг 24 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Татварын албанаас иргэд, хуулийн этгээдүүдэд цахим үйлчилгээнд уриалах, цахим үйлчилгээний системүүдээ танилцуулах, цахим үйлчилгээг хэрхэн авах заавар, зөвлөгөөг хүргэх зорилготой “Цахимаар үйлчлүүлье” уриатайгаар тэмдэглэж байна.



Баянхонгор аймгийн Татварын хэлтсээс “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд ХААИС, Политехникийн коллежийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад татварын боловсрол олгох сургалтыг зохион байгуулж, татварын албаны үйл ажиллагаатай танилцуулжээ. Мөн жижиг, бичил сегментийн татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдэд татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэл, татварын албаны цахимжилтыг таниулах танхимын болон цахим сургалтыг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдөөс 2022 оны “Шилдэг татвар төлөгч” байгууллагууд, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилладаг “Шилдэг татварын нягтлан бодогч” нарыг шалгаруулсан, удахгүй нийтэд зарлаж, танилцуулахаар төлөвлөжээ.


"Татвар төлөгчдийн өдрүүд"-ийн хүрээнд аймгийн хэмжээнд сум бүрд татвар төлөгчдийг сурталчлах, хууль тогтоомжийг таниулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.


“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулдаг байна.

Энэхүү өдрийн хүрээнд татварын хууль тогтоомжийг сурталчлан, сургалт хийж, мэргэжил арга зүйгээр ханган, зөвлөгөө өгч, ирээдүйн татвар төлөгчдөд зөв ойлголт, хандлагыг бий болгохын тулд тэдний дунд “Цахим татварын ач тус” гар зургийн уралдааныг ч амжилттай зохион байгуулжээ.


Татварын багц хууль 2019 онд шинэчлэгдсэнтэй холбоотойгоор татварын албаны бүх үйл ажиллагаа 100 хувь цахимд шилжсэн бөгөөд татвар төлөгчөөр бүртгүүлэхэд 2 минут, цахимаар татвар төлөхөд 20 секунд зарцуулах боломжтой болсон байна.


Ташрамд дуулгахад, Баянхонгор аймгийн Татварын хэлтэст 2023 онд 2457 аж ахуйн нэгж, 62098 иргэн татвар төлөгчөөр бүртгэлтэй байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улс, орон нутгийн төсөвт 6.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 5.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байгаа аж.

Холбоотой мэдээ