ДОРНОД: Омикроны XBB15 дэд хувилбарын 40 тохиолдол бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд коронавируст халдварын омикроны дэд хувилбар болох XBB15-аар өвчилсөн 40 тохиолдол бүртгэгдээд байна. Энэхүү 40 тохиолдлын 26.1 хувь нь 26-35 нас, 30.9 хувь нь 36-45 насны иргэд байгаа бол 6-15 насны нэг хүүхэд өвчилжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн тав хоногийн хугацаанд 40 тохиолдол, он гарсаар нийт 42 тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд ч мөн адил энэ долоо хоногийн даваа гаргаас эхлэн эрс нэмэгдэж байгаа гэв. Тиймээс амны хаалтаа зүүх, онц шаардлагагүй бол олон нийтийн газраар зорчихгүй байж, зай барих, эрүүл ахуйн дэглэм сахихыг зөвлөлөө.
Эмнэлзүйн хувьд өмнөх хувилбаруудыг бодвол шинж тэмдэг давамгайлж байна. Халуурах, удаан хугацаанд ханиалгах, хоолой өвдөх, жихүүдэс хүрэх, хуурай ханиалгах давамгайлах шинж тэмдэг голчлон илэрч байгаа аж.
Хөрш зэргэлдээ Хятад, Орос, Япон, Солонгос улсад сүүлийн өдрүүдэд ковидын тохиолдол буурч байгаа ч манай орны хувьд нэмэгдэж байна гэж ЭМГ-аас мэдээлэв. Энэ хувилбар одоогоор дэлхийн 38 оронд бүртгэгдэж, 0-5 нас, 46-гаас дээш насныхан илүү өртөж байна.