БАЯНХОНГОР: Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар нийтээрээ сайтар хэлэлцэх ёстой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-05-15 14:11:04

Баянхонгор /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн талаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд Баянхонгор аймгийн иргэд сонгогчидтой өнгөрсөн амралтын өдөр уулзалт зохион байгууллаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ иргэдийнхээ саналыг чухалчилж байгааг гишүүд хэлээд, иргэдийн санал, шүүмжлэлийг сонссон юм.


Аймгийн Хөгжимт драмын театрын 400 хүний суудал бүрэн дүүрч, хоёр хажуу талаар 70 гаруй зогсон нийтдээ 500 шахам иргэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаарх хэлэлцүүлэгт оролцов. Уулзалтад оролцсон хүмүүсээс 30 орчим иргэн Нээлттэй микрофонд санал бодлоо илэрхийлж, зарим иргэн бичгээр саналаа өгч байлаа.


Иргэдийн санал бодлын салхийг хагалж Баянхонгор сумын иргэн Б.Соронзонболд хэлсэн үгэндээ, "УИХ-ын гишүүдийн тоо нэмэхийг дэмжиж байгаа. Ардчилсан улсын парламент хүчтэй байх ёстой, эрх мэдэл төвлөрч иргэдийн төлөөллийг хангах зарчим бүрэн хэрэгжихгүй байна гэж харж байна" гэдгийг хэлсэн.


Үргэлжлүүлэн, Өндөр настан н.Гомбосүрэн: “Цаг үеэ олсон өөрчлөлт гэж бодож байна. Гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж байгаа, харин тооны хувьд 32 гишүүнийг нэмэхэд хангалттай болов уу гэж харж байгаа. Үүнээс хэтэрвэл төсвийн ачаалал нэмэгдэнэ” гэдгийг хэлээд, хүнс, бараа бүтээгдэхүүн, эмийн үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна, тэтгэврийг нэмэх шаардлага зайлшгүй байна. Нэмэгдлийг харин тэтгэврийн зөрүүг арилгах байдлаар шийдвэл зохимжтой байна гэдгийг хэлсэн.


Харин Өндөр настан Бямбаа, "Хүнсний аюулгүй байдлын асуудлыг чухалд тавимаар байна. Идэх махаа хятадын гар дээрээс авч идэж байна гэж юу гэсэн үг вэ, гарал үүслийн баталгаагүй ийм хүнсээр хордуулж байгааг анхааралдаа аваач ээ. УИХ-ын гишүүдийн тоо багадаагүй, сэтгэл байхад 10-аадхан хүн ч энэ улсыг аятайхан аваад явчихаж чадна шүү" хэмээн шүүмжилсэн бол Шаргалжуут дугаар багийн иргэн Бямбадорж: "Холимог тогтолцоог дэмжихгүй. Нийт хүн амын тоо биш, насанд хүрсэн, сонгуулийн насны хүний тоондоо харьцуулж бодит судалгаа хийхэд УИХ-ын гишүүдийн тоо хангалттай гэж үзэж байгаа" гэсэн юм.


3 дугаар багийн иргэн Бямбадорж: "УИХ-ын гишүүний тоо нэмэгдэхийн хэрээр туслах, зөвлөх, жолооч гээд орон тооны зарлага нэмэгдэнэ шүү. Яамны тоо нэмэгдэж, төр данхайгаад байна" гэсэн бол 10 дугаар багийн иргэн Содномсамбуу: "Сэтгэл байвал 76 гэсэн тоо багадаагүй. Тоо биш, чанарт нь анхаармаар байна", 


Өндөр настан Дорж: "Тэтгэврийн 500 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй байна. Үнийн өсөлтөө хязгаарлах чухал асуудал байна шүү дээ. Тоондоо биш, эв нийлсэн 50 хүн энэ улсыг сайхан аваад явчихаж чадна. Гишүүдийн тоонд өөрчлөлт орлоо гэхэд нийгэмд зөв өөрчлөлт авчрах 108 шинэ хүн дэвшвэл саналаа өгөхөд бэлэн байна" гэж байлаа. Түүний дараа, Баянхонгор сумын 2 дугаар багийн иргэн Д.Занданбал: "Холимог тогтолцоог дэмжиж байгаа. Тооны хувьд 76, 108, 152 аль нь байхыг нийтээрээ хэлэлцэж шийдэх байх. Гишүүдийн тоо нэмэгдсэнээр иргэдийн төлөөлөл хангагдаж, эргэх холбоо сайжрах болов уу гэж харж байгаа" гэх саналыг хэлж байсан.


Нээлттэй микрофонд үг хэлсэн иргэдийн санал олонх нь үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцэж, нийт иргэдийн санал бодлыг тусгах хэрэгтэй гэдэгт нэгдэж байв. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг дэмжиж буй иргэдийн тухайд 76 гэсэн тоог хэдээр нэмэгдүүлэхийг дахин хэлэлцэх ёстой, 152 гэдэг тоо бол ихдэж байгаа, 100 орчимд байхад болох юм гэдгийг мөн хэлж байлаа. 

Холбоотой мэдээ