Зам тээврийн ослоор жилд 500 хүн нас барж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-05-16 14:04:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн судалгаагаар, жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас барж, 3400 хүн гэмтсэн байна. Мөн хугацаанд зам тээврийн ослын улмаас явган зорчигч 581, тээврийн хэрэгслээр зорчигч 865, унадаг дугуйгаар зорчигч 10 хүн амь насаа алджээ.


Дэлхий дахинд жил бүр 1.3 сая хүн ослоос шалтгаалан нас барж, 50 сая хүн гэмтдэг бөгөөд үүнд 5-29 насныхан хамгийн их өртдөг байна. Зам тээврийн ослоор нас барсан 4 хүн тутмын нэг нь явган болон унадаг дугуйгаар зорчиж байсан аж.


НҮБ-ын “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд 2030 он гэхэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн хандлагыг өөрчлөн, тусламж үйлчилгээг сайжруулан, зам тээврийн ослоор нас барах, гэмтэх тохиолдлыг 50 хувь багасгах зорилт дэвшүүлжээ. Иймд ДЭМБ түншүүдтэйгээ хамтран НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг “Урьтаж ухаар” уриан дор энэ сарын 15-21-нд дэлхий даяар өрнүүлж байна.


Манай улсад ч мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн ажлын алба, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМЯ, Тээврийн цагдаагийн алба хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын 7 хоног”-ийг зохион байгуулж байгааг албаныхан мэдээлэв. 


Холбоотой мэдээ