Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-05-16 15:23:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын биологийн олон янз байдлын өдрийг энэ сарын 16-22-ны өдрүүдэд тэмдэглэж байна.

Биологийн олон янз байдлын нөөц хурдацтай хомсдож байгааг харгалзан дэлхийн улс орнууд нэгэн зорилгод нэгдэж, НҮБ-ын “Байгаль орчин ба хөгжил” дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр "Биологийн олон янз байдлын тухай" суурь конвенцыг 1992 оны 5 дугаар сарын 22-нд батлан, жил бүрийн энэ өдрийг "Олон улсын Биологийн олон янз байдлын өдөр" хэмээн тэмдэглэх болсон. Энэ жил тус өдрийг дэлхий нийтээрээ "Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатай тэмдэглэж байна.


Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогодоо “Байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө, ирээдүй хойч үе хүртэх нөхцөл бүрдүүлж, амьдралын чанарыг сайжруулна” хэмээн тунхаглаж, үндсэн зарчмаа тодорхойлсныг БОАЖЯ мэдээллээ.


Биологийн олон янз байдлын тухай” конвенцыг УИХ 1993 онд соёрхон баталснаар уг конвенцод албан ёсоор нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байгаа юм. Иймд БОАЖЯ энэ сарын 16-19-нд дөрвөн салбар хуралдаан, 22-ны өдөр Олон улсын Биологийн олон янз байдлын өдрийг олон талт оролцоог ханган тэмдэглэж байгаа. Олон улсын биологийн олон янз байдлын өдөрт зориулсан салбар хуралдааны үеэр “Биологийн олон янз байдлын үзэсгэлэн”тус яаманд зохион байгуулж, гэрэл зургийн үзэсгэлэн гарган, аппликэйшн танилцуулна. Үүнд байгалийн ургамлын гербар гэрэл зургийн үзэсгэлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан, Зэрлэг амьтан судлан хамгаалах төвийн гэрэл зургийн үзэсгэлэн, Шавжийн үзэсгэлэнг дэлгэж, "Хөдөө гаръя" аппликэйшн, "Байгаль" аппликэйшн танилцуулна. 

Холбоотой мэдээ