ХӨВСГӨЛ: Аймгийн Төв музейд 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд Музей болон өргөжсөн байна. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ.
Тус аймгийн Төв музей өнөөдөр сан хөмрөгтөө 4000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд орчин үеийн технологийн виртуал орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд иргэд зарим үзмэрийг бодит орчин буюу дижитал орчинд үзэх боломж бүрдэх юм.
Музейн сан хөмрөг цуглуулгад мөстлөгийн үе буюу 10-20 мянган жилийн тэртээ устаж үгүй болсон аварга том арслан зааны соёо, араа шүд, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох зэр зэвсэг, хэрэглэл, хүрлийн үеийн гоёл чимэглэл, ахуйн зүйлс зэрэг үнэт үзмэрүүд байна.
Угсаатны бүлгүүдийн өвөрмөц соёл ахуйг илэрхийлэх, оюуны өв бүтээл, урлал хувцас зүүсгэл, эд хэрэглэл, уламжлалт бөөгийн онгод шүтээн, иж бүрэн хуяг, хуур, хэрэгслийг дэлгэн тавьжээ.
Мөн алдарт Далайчойнхор вангийн хошууны уран
дархчуудын бүтээл, нэрт уран сийлбэрчдийн
сийлбэр, төрийн шагналт, гавьяатуудын
уран зургуудыг үзэж сонирхох боломжтой юм.