ХОВД: АНУ-ын нүдний эмч нар 77 хүнд мэс засал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-05-19 13:51:25

Жаргалант /МОНЦАМЭ/.  АНУ-ын Virtue Foundation Олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарын баг 11 дэх жилдээ Ховд аймагт ажиллаж байна.

Эмч нарын багт АНУ-ын нүдний эмч нараас гадна улсын төв эмнэлгийн нүдний мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд багтжээ. 

Эдгээр эмч, мэргэжилтнүүд 2012 онд Ховд аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар 11 дэх жилдээ орон нутагт ажиллаж, алслагдсан баруун бус нутгийн иргэдэд нүдний төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм.

Тухайн эмч нар Ховд аймагт өнгөрсөн хугацаанд ажиллахдаа давхардсан тоогоор 3420 гаруй эмч, мэргэжилтнийг ажлын байрны сургалтад хамруулж, дадлагажуулжээ. Мөн 12 мянга гаруй хүнд нүдний үзлэг, оношилгоо хийснээс 1250 өвчтөнд төрөлжсөн мэргэжлийн нүдний хагалгаа хийсэн байна. Улмаар гадаадын улс оронд очиж хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан 16 хүнд нүдний мэс заслыг орон нутагт нь амжилттай хийж байжээ.

Энэ удаагийн нүдний эмч нарын баг нь гэрээний дагуу 2023 оны 5 дугаар сарын 13-26-ны өдөр Ховд аймагт ажиллах бөгөөд одоогоор 77 хүнд нүдний мэс засал хийлээ. Үүний 53 нь болор солих, 18 нь нүдний даралт бууруулах, 6 нь нүдний хунд хэлбэрийн даралт бууруулах мэс засал байв.

АНУ-ын Virtue Foundation Олон улсын байгууллагын нүдний төрөлжсөн мэргэжлийн эмч нарын багийг өнөөдөр Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа хүлээн авч уулзлаа. 

Холбоотой мэдээ