“Долоогийн бүлэг”-ийн удирдагчдад Сасаки охины "цаасан шувууг" дурсгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-05-22 16:45:50

ХИРОШИМА. /Kyodo/. Японы Хирошима хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон удирдагчдад 1945 онд тус хотыг атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш 10 жилийн дараа цацраг идэвхт бодисны хордлогоос үүдэлтэй лейкеми өвчнөөр нас барсан охины дурсгалд зориулан бүтээсэн цаасан тогорууны хуулбарыг дурсгасан гэж ойрын эх сурвалж даваа гарагт мэдээлэв.


Бэлэг дурсгалын зүйлийг Сасаки Садакогийн орны дэргэд байсан цаасан тогоруунаас сэдэвлэн бүтээжээ. Охин 12 настайдаа лейкеми өвчний улмаас харамсалтайгаар нас барсан билээ.


Зэвэрдэггүй гангаар хийгдсэн нэг грамм жинтэй дурсгалын эд зүйлс дээр “G7 HIROSHIMA” хэмээн сийлсэн байна. Тэдгээрийг оригами тогорууны эх хувийнх нь нугалаас, үрчлээсийг хуулбарлахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан бүтээжээ.


“Долоогийн бүлэг”-ийн удирдагчдыг баасан гарагт Японы баруун нутагт орших хотын Энхтайвны дурсгалын музейд зочлох үеэр нь Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон Хирошима мужийн захирагч Хидехико Юзаки нар Сасакигийн түүхийг ярьж өгсөн гэж эх сурвалж хэлсэн байна.


Оригами тогорууны хувийг удирдагчдын гэргий нар болон дээд хэмжээний уулзалтад уригдсан БНСУ тэргүүтэй бусад орны зочид төлөөлөгчдөд бэлэглэжээ. Сасакигийн төрөл төрөгсөд энх тайвныг цогцлоох, цөмийн зэвсгийг устгахын бэлгэдэл болсон цаасан тогоруунууд “энх тайван, энэрэн нигүүлсэхүйн хүсэл эрмэлзлийг илэрхийлэхэд тусална” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


АНУ 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Хирошимад атомын бөмбөг хаях үед Сасаки дөнгөж хоёр настай байжээ. Түүний гэр бүлийнхэн дэлбэрэлтийн төвөөс ердөө 1.6 км-ийн зайд байсан байна. Сасаки царагт идэвхт бодист хордсоны улмаас 10 жилийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 1000 цаасан тогоруу хийвэл хүсэл нь биелнэ гэсэн домгийг сонссоноосоо хойш олон зуун цаасан шувуу эвхжээ.


Эдгэрнэ гэсэн найдлага тээсэн Сасаки 1955 оны 10 дугаар сард насан эцэслэх хүртлээ цаасан тогоруунуудаа эвхсээр байжээ. Тэрбээр нас барахынхаа өмнө гэр бүлийнхэндээ “баярлалаа” гэдэг үгийг хамгийн сүүлд хэлсэн байна. 1958 онд Хирошимагийн Энх тайвны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд Сасаки охины хөшөө бүхий Хүүхдийн энх тайвны хөшөөг босгосон билээ. 

Холбоотой мэдээ