ДУНДГОВЬ: 1916 төгсөгч "Мөнгөн хонхны баяр"-аа тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид өнөөдөр “Мөнгөн хонхны баяр”-аа хийлээ. Энэ хичээлийн жилд тус аймгийн 15
суманд 12 дугаар ангийг 363, есдүгээр ангийг 790, тавдугаар ангийг 763 хүүхэд
төгсөж байна.
Сайнцагаан сумын 5 сургуулийн төгсөх ангийн сурагчид Чагдаржавын төв талбайд цуглаж баяраа тэмдэглэсэн юм. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, хүүхэд, багачуудад хандан “Хүүхэд залуус та бүхэн эх орныхоо баялаг түүхээс суралцаж, ахмад настнаа хүндэтгэн, улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулах, залгамжлан авч явах хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй үүрэг хүлээж байна. Ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө хөгжүүлдэг манлайлагч байж, зорилгодоо хүрэх хүсэл, тэмүүлэлтэйгээр сурч, ажиллаж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхдаг, мэдлэг боловсролтой, улс орон нутгийнхаа нэрийг тив дэлхийд гаргасан нэр хүндтэй иргэн болоорой” хэмээн захилаа.
Дундговь аймаг 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, энэхүү жилийн ажлын хүрээнд 5 зорилт, 38 ажлыг төлөвлөн, ОНХС-гаас тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 300,0 сая төгрөг зарцуулахаар батлуулсан. Тухайлбал, энэхүү үйл ажиллагааны хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, амжилттай суралцсан сурагчдад урамшуулал олгох, сурагчдаа амжилттай бэлтгэн ЭЕШ-д амжилт гаргасан багш нарыг багаар нь урамшуулах зэрэг шийдвэр гарч, хэрэгжиж байгаа юм.