Нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт газрын тосныхыг давна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГПАРИС. /AFP/. Цэвэр эрчим хүчний салбарт оруулах хөрөнгө мөнгө олборлодог түлшнийхээс давж байгаатай холбоотойгоор энэ онд нарны эрчим хүчний хөрөнгө оруулалт түүхэндээ анх удаагаа газрын тосныхыг давах төлөвтэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ өнөөдөр мэдээллээ.
Хэдийгээр энэ нь сайшаалтай үзүүлэлт хэдий ч 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн зөрүүг тэглэхийн тулд хурдацтай бууруулах ёстой олборлодог түлшний хөрөнгө оруулалт өссөн хэвээр байгааг ОУЭХА анхааруулжээ.
“Цэвэр эрчим хүчний cалбар хүмүүсийн төсөөлж байгаагаас ч илүү хурдацтай хөгжиж байна” гэж ОУЭХА-ийн тэргүүн Фатих Бирол эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын талаарх хамгийн сүүлийн үеийн тайланг танилцуулах үеэрээ мэдэгдсэн байна.
ОУЭХА-ийн
мэдээллээр, цэвэр эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт энэ онд 2021 оныхоос
24 хувиар өсөж, 1.7 их наяд ам.доллар давах төлөвтэй байгаа бол олборлодог түлшний хөрөнгө оруулалт 15 хувиар өсөх тооцоо гарчээ.
Цэвэр эрчим хүч, олборлодог түлшний салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө тавхан жилийн өмнө тэнцүү байсан юм. Харин газрын тос, байгалийн хийн үнэ ихээхэн өссөн болон ханган нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол бий болсон зэрэг хүчин зүйлс сэргээгдэх эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ.