Баянхонгор аймгийн Жаргалант суманд нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenechimeg@montsame.mn
2016-09-09 16:23:42

Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа”-ны 6 га газарт  нөхөн сэргээлт нэрээр уул уурхайн компани олборлолт хийсэн талаар Монголын бичил уурхайн нэгдсэн “Дээвэр” холбооны тэргүүн-Б.Наранцогт, сургалт олон нийт хариуцсан  мэргэжилтэн- Р.Түмэндэмбэрэл нар мэдээлэв.

2014 оны 7-р сарын 16-наас 9-р сарын 15 хүртэл Баянхонгор аймгийн Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа”-ны 6 га газарт бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд техникийн болон нөхөн сэргээлт хийн орон нутгийн холбогдох мэргэжилтнүүдэд хүлээлгэн өгсөн. Тус сэргээлт  хийсэн газар өмнө нь алт, зэс олборлодог байсан ба  олборлолт хийж дууссаны дараа тус газрыг биологийн нөхөн сэргээлтэнд оруулан орон нутагт хүлээлгэн өгчээ.

Гэтэл 9-р сарын 7-ны орой “Буян-Цэцэн” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн газарт дахин нөхөн сэргээлт хийх гэж байна гэдэг нэрийн дор нутгийн иргэдэд худал хэлэн тус талбай руу дайран орсон байна. Тус компаний энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар Улсын мэргэжлийн хяналтын газар болоод хууль хяналтын байгууллагууд зохих арга хэмжээ авна гэдэгт итгэж байна хэмээн тус холбооны сургалт олон нийтийн мэргэжилтэн Р.Түмэндэмбэрэл ярьлаа.

Мөн тус аймгаар тогтохгүй Төв, Увс аймгуудад ийм хэрэг гарсан ч бид нотлох баримтыг улам сайжруулж байж мэдэгдэнэ хэмээн ярилаа.

М.Бумсүрэн

 

 

Холбоотой мэдээ