Боловсролын зээлийн сангийн зээл олголтыг автоматжуулсан систем рүү шилжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-07 12:47:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн голлох асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд түүвэрлэн мэдээлэх үеэрээ “Өнөөдрийн хуралдаанаар нийт 46 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн” хэмээлээ.


Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Боловсролын зээлийн сантай холбоотой асуудал иргэдийн анхаарал ихээр татсан юм. Ер нь ганц тус сан биш, тусгай сангуудын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ил болгох шаардлагатай гэж үзсэн тул Боловсролын зээлийн сангаар төлөөлүүлсэн загварчлалыг нь гаргаж, уг хуралдаанд танилцууллаа. Боловсролын зээлийн санг цаашид ил тод, нээлттэй хэлбэрээр үйл ажиллагааг нь хэвийн явуулна. Ингэхдээ Засгийн газраас жил бүр тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийг тодорхойлох замаар дэлхийн топ 100 их дээд сургуульд тэнцсэн элсэгчдэд тэтгэлгийг олгох юм. 


Одоогийн байдлаар, Боловсролын зээлийн сангаас зээл авахын тулд 11 шат дамжлагыг дамжиж буй. Тэдгээрийн тав нь салбарын яаманд, дөрөв нь Боловсролын зээлийн санд, хоёр нь банкны түвшинд явагддаг. Эдгээр шатлал нь бүгд хүний оролцооноос хамааралтай явагдаж ирсэн. Иймд Засгийн газраас 7 хоногийн дотор бүрэн автоматжуулсан систем рүү шилжүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулж холбогдох хууль, эрх зүйн орчинд өөрчлөлтийг хийнэ. Цаашид нийт 24 сангийн үйл ажиллагааг ч мөн ийм загварчлал руу оруулах болно" гэлээ.

Холбоотой мэдээ