Б.Жавхлан: Тодотголын 1.8 их наяд төгрөгийн тал хувийг нь цалингийн нэмэгдэлд зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-08 12:45:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэр төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсан болохыг хэллээ.


Тэрбээр “Төсөв санхүүтэй холбоотой үүсээд байсан хүндрэлүүдийг Засгийн газраас арилгах арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар 24 сая тонн нүүрсийг хилээр гаргаад байна. Энэ жилд 36 сая тонн нүүрс гаргана гэж төлөвлөсөн байв. Энэ нь эдийн засаг сэргэхэд нөлөөлсөн тул төсвийн тодотгол хийх боломжийг бүрдүүллээ. Ингэснээр төсвийг 1 их наяд 896 тэрбум төгрөгөөр тодотгоно. Үүний 50 хувь нь төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд зориулна. Үлдсэн хэсгийг нь тэтгэвэр болон зорилтот халамжийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, хүсэлт гаргасан хүүхэд бүрд мөнгийг нь олгох ба нөхөн олгоход зарцуулагдахын зэрэгцээ Улаанбаатар хотын түгжрэлийг арилгахад зориулагдсан. 


Энэ удаагийн төсвийн тодотголоор бүх асуудлыг шийдэх боломжгүй. Гэхдээ нэгэнт бүрдсэн боломжийн хүрээнд цалин тэтгэвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Цалингийн өөрчлөлт нь салбарын онцлогоос хамаарч хэмжээний хувьд ялгаатай болохыг онцолж хэлье" гэлээ. 

Холбоотой мэдээ