Г.Занданшатар: Жендерийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр бид жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-13 09:30:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.


Тус чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцож буй оролцогчдод хандаж талархал илэрхийлсэний зэрэгцээ “Дэлхий даяар тектоник шилжилт явагдаж, тогтвортой хөгжлийн асуудал хамгийн чухлаар тавигдаж байна. Ийм учраас өнгөрсөн оны 10 дугаар сард БНСУ-ын Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулганыг “Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төв хамтран зохион байгуулсан. Энэхүү чуулганы зорилго нь НҮБ-аас санаачилж, дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн Тогтвортой хөгжлийн зорилтыг хурдасгах, тэр дундаа Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт болох Олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байсан юм.


Тогтвортой хөгжлийн зорилтыг “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн санаачилж, дэлхийн лидерүүдийг уриалан хүчийг нь нэгтгэн батлуулж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн билээ. Монгол Улс нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн улс орнуудын нэг бөгөөд Үндсэн хуульдаа “Хөгжлийн бодлого тогтвортой байна” хэмээн заасан цорын ганц улс. Ийм ч учраас Сөүл хотноо болсон “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулганд Тогтвортой байдлын яриа хэлэлцээний талаар бид илтгэл тавьж хэлэлцүүлэн, Монгол Улсын туршлага болоод дэлхий нийтийн нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцох завшаан тохиосон юм. Уг чуулганы зорилго нь Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилт болох Олон талт хамтын ажиллагааны талаарх асуудал байсан учраас энэхүү чуулга уулзалтаас үүнийгээ жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Тэрхүү чуулганаас улбаалж өнөөдөр “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг зохион байгуулж байна" хэмээн тэмдэглэсэн юм.


Мөн тэрбээр энэхүү уулзалт нь гурван онцлогтой зохиогдож байгаа болохыг яриандаа дурдав. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ тухайд "Нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн асуудал бол дэлхий дахины тулгамдсан асуудал болсон. Түүний хэрэгжилт нь КОВИД-19 цар тахал, ОХУ Украйны дайн, олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж удааширч байна. Тиймээс Тогтвортой хөгжлийн 17 дахь зорилтын хэрэгжилтийг нь хангахад онцгой ач холбогдол өгөх нь дэлхийн дахин болон НҮБ-ын чухал зорилт болжээ. Тийм учраас Төв Азийн зүрхэнд оршдог Алтай дамнасан улс орнууд хэл соёл, язгуур нэгтэй гэж үздэг олон талаараа ижилсэл, ондоошил нэгтэй эдгээр улсын хүрээнд энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь өөр онцлог нь юм. 


АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Ази-Номхон далайн судалгааны төвийн захирал Жи Вүк Шиний дэвшүүлдэг гайхалтай санаа бий. Энэ бол тархины эргэлт. Мөн тархины холбоос гэх санаа юм. Ази дамнасан улс орнууд соёлынхоо ижилсэл, түүхийнхээ улбаа, Алтай дамнасан хил язгаарынхаа хэлхээ холбоон дээр үндэслээд бид тархины эргэлт, тархины холбоос, соёл иргэшлийнхээ холбоосыг сэргээх нь ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас энэ жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан. Өдгөө Алтай дамнасан алтай хэлний язгууртай улсуудын олон арван сая хүн Монгол Улсыг өөрийн гарал үүслийн өлгий хэмээн үзэж, манай оронд зочлон ирэхийг хүсдэг нь судалгаанаас харагддаг. Түрэг улс орнуудын парламентын ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Мэхмэт Сурейя Эр зөвхөн Турк Улсад гэхэд 20-30 сая хүн Орхоны хөндийд ирж үзэхийг мөрөөддөг гэж байсан. Тиймээс бидэнд ямар нэг далдын хэлхээ холбоо, бие биеэ эрэлхийдэг сэтгэл зүрх байдаг гэдэгт би итгэдэг. Ийм учраас энэхүү эрэл хайгуулыг шинжлэх ухааны түвшинд үргэлжлүүлэх нь өнөөдрийн чуулганы бас нэг онцлог юм.


Өнөөдрийн зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалт нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын 5 дахь зорилт болох Жендерийн тэгш байдлыг хангах тухай асуудал дээр төвлөрч байна. НҮБ-аас зарласан Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн шударга ёс, эдийн засгийн хүртээмж гэх мэт олон харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг авч үздэг. Гэхдээ эдгээр асуудлыг авч үзэхэд, жендерийн эрх тэгш байдлыг хангахгүйгээр бид жинхэнэ үр дүнд хүрч чадахгүй. Ирж яваа цагийн дууг эрчүүд дангаараа дуулж болохгүй. Эргэх хорвоогийн хүндрэл бэрхшээлийг эрчүүд дангаар шийдэж чадахгүй. Эмэгтэйчүүдийн дуу хоолой чухалд тооцогдох шинэ цаг үе ирж байна. Ийм учраас дэлхий дахинд цаг уурын өөрчлөлт, дэлхий дулаарал, үүсээд буй гамшгийн эрсдэлийг даван туулахад дэлхий нийт бодлогоо нэгтгэхэд хүргэж байна" хэмээн онцоллоо. 



Холбоотой мэдээ