Бан Ги Мүн: Бидний цаашид хийх олон ажлын амин сүнс нь жендерийн тэгш байдлыг хангах явдал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-06-13 11:05:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурал, АНУ-ын Стэнфордын их сургууль, “Бан Ги Мун” сан, БНСУ-ын Эва Эмэгтэйчүүдийн их сургуультай хамтран зохион байгуулж буй “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү чуулга уулзалтын нээлтийн үеэр НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн үг хэллээ.


Тэрбээр уг чуулга уулзалтад оролцож буй оролцогчдод болон “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг эхлүүлж буйд “Бан Ги Мүн” сангийн тэргүүний зүгээс талархалаа илэрхийлсэн юм. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон бусад албаны төлөөллүүдэд тусгайлан талархал илэрхийлэв. 


Ноён Бан Ги Мүн цааш хэлэхдээ “Монгол Улс нь гайхалтай байгальтай төдийгүй хувирч нугардаггүй хүч тэнхээтэй оюун санаа бүхий ард түмний өлгий нутаг билээ. Монголчуудад нэгнийгээ орхидоггүй, бие биеэ дэмждэг ойлголт, хандлага гүнээ шингэсэн байдаг. Энэхүү нэгдмэл үзэл нь хамтын ажиллагааг улам өрнүүлэх суурь нь болж, бидэнд туслах болно. Монгол Улсын нийслэлд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа нь маш их тохиромжтой, зохион байгуулах газраа олж тогтжээ гэж харж байна.


Би олон жилийн турш ажиллахдаа, тэр дундаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа бидний хэлэлцүүлгийн үндсэн сэдэв болох Тогтвортой хөгжлийн асуудалд өндөр түвшинд анхаарлаа хандуулж ажиллаж ирсэн. Энэ бол миний эрхэм үүрэг гэж хандаж ирсэн юм. Ажлаа аваад удаагүй байхдаа жендэрийн тэгш бус байдлын эсрэг тэмцэж, бодитой ажлуудыг хийх ёстой хэмээн ухамсарласны үндсэн дээр энэхүү чиглэлээр тодорхой алхмуудыг хийсэн. Энэ нь дэлхий нийтэд тодорхой нөлөөллийн үйл ажиллагаа болсон гэдэгт би гүнээ итгэдэг. 


Өөрчлөлт өөрөөс эхэлдэг гэдэг. Тиймээс НҮБ-ын хүрээнд эдгээр өөрчлөлтийг оруулж, өндөр түвшний албан тушаалд эмэгтэйчүүдийг томилохоос авахуулаад бодитой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн. Дэлхийн олон орноор аялахад, очиж ажиллахад тэгш бус байдал нүүрлэсээр байгаа нь дэндүү бодитоор харагдаж байгаа учраас нийтээрээ энэхүү асуудлын эсрэг дуу нэгтэйгээр тэмцэх ёстой юм. Цаашлаад дэлхийн түвшинд хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе гэсэн тодорхой санаачилгуудыг хэрэгжүүлсэн нь бас томоохон түлхэц болсон билээ. Дэлхийн өнцөг булан бүрд тэмцлээ явуулж буй идэвхтнүүд, энэ чиглэлээр тодорхой чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа байгууллагуудад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө ажиллахад нь тус дэм болсон. 


НҮБ-ын эмэгтэйчүүд хэмээх бүтцийг НҮБ-ын хүрээнд бий болгосон нь жендерийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэн чадавхжуулахад томоохон түлхэц болсон гэж үздэг. 2015 оноос хойш дээрх санаачилга нь "Тогтвортой хөгжлийн зорилт 2030"-ын хэрэгжилтийн тодорхой салшгүй нэг хэсэг болсон нь үр дүнтэй бөгөөд хүч хавсран ажиллах нэмэлт боломжийг бий болгосон гэж харж байна. Мөн Тогтвортой хөгжлийн зорилт болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд энэ нь маш тодорхойгоор тусаж өгч байгаа ба Тогтвортой хөгжлийн 5 дахь зорилтыг хангах тал дээр томоохон түлхэц болж байна.


Бид томоохон дэвшлүүдийг бий болгож байгаа хэдий ч ололт амжилтаасаа ухрах явдлууд харагдаж байна. Цар тахал, түүний үр нөлөөнөөс үүссэн нийгэм, эдийн засгийн томоохон хүндрэлүүд нь гарч байгаа ахиц дэвшлийг баталгаажуулахад сөргөөр нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл дэлхий нийтийн онцгой анхаарах асуудал хэвээр байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн манлайлал, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр томоохон орон зай байсаар байна. Энэ чиглэлээр бодитой ахиц дэвшил гаргахын тулд олон асуудлыг нэг зэрэг авч үзэх ёстой. Цаашид хийх бүхий л олон ажлын амин сүнс нь жендерийн эрх ашгийг хангах явдал болно" гэлээ.


Холбоотой мэдээ