Европын Холбоо хиймэл оюун ухаанаас учрах эрсдэлээс хамгаалах анхны хуулийг батална
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбоо /ЕХ/ хиймэл оюун ухааны системийн хөгжлийг зохицуулах, иргэдийг хамгаалах хуулийг дэлхийд анх удаа батлах гэж байна.
Уг хуулийн төслийг Европын парламент лхагва гарагт дэмжжээ. Одоо эцсийн хувилбарыг ЕХ-ны удирдах гол гурван байгууллага болох Европын Комисс, Парламент, Зөвлөл зөвшилцөх ёстой бөгөөд 2025 оноос өмнө хүчин төгөлдөр болох төлөвтэй байна.
Дээрх хуулийн төсөлд заасны дагуу хиймэл оюун ухааны системийг Европын иргэд, хэрэглэгчдэд учруулах эрсдэлийн зэрэглэлээр нь бүлэг болгон хуваах бөгөөд бүлэг бүр зохих хязгаарлалт, хяналтын арга хэмжээтэй байх ажээ.
Тухайлбал, хүмүүсийн далд ухамсарт нөлөөлөх зорилготой системүүд, түүнчлэн бодит цагт биометрийн мэдээллийг таних системийг бүрэн хориглох гэнэ.
Мөн “СhatGPT” гэх зэрэг контент бүтээгч системүүдийн хувьд бүтээгдэхүүнүүд нь тодорхой шошготой байх, хүний хийсэн ажил гэж бусдад дамжуулахгүй байх ёстой байна.
"Европын парламентын гишүүд хиймэл оюун ухааны системийг хүмүүс хянадаг байх, аюулгүй, ил тод, мөшгих боломжтой, хэрэглэгчдийг ялгаварлан гадуурхдаггүй, байгаль орчныг хамгаалахад хувь нэмрээ оруулдаг байлгахад баталгаа гаргуулахыг хүсэж” гэж хуулийн төслийг боловсруулж байх үеэр Европын парламентын хэвлэлийн алба тавдугаар сард мэдээлж байв.
Гишүүд зургаадугаар сарын 13-нд болсон хэлэлцүүлгийн үеэр нүүр царай таних системтэй холбоотой заалтуудад онцгойлон анхаарал хандуулжээ. Хуулийн төсөлд ийм системийг зөвхөн "үйл явдал болж өнгөрсний дараа" (бодит цагийн бус), зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу гэмт хэрэгтэн, террористууд, сураггүй болсон хүмүүсийг л эрж хайхад ашиглахыг санал болгосон байна.
Парламентын гишүүдийн олонх нь энэ заалтыг дэмжиж, цөөн тооны гишүүд л нүүр царай таних системийг бүрмөсөн хориглохыг уриалжээ.