ХӨВСГӨЛ: Хилийн цэргийн 0257 дугаар ангийн бүх салбар автомашинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-16 09:22:52

Мөрөн  /МОНЦАМЭ/.  Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хилийн салбар ангиудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар туулах чадвар сайтай, дизель механик Ниссан Hавара маркийн 7 автомашиныг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар гардуулан өглөө.



Өнгөрсөн жил Цэцэрлэг, Цагаан-Үүр, Цагааннуур сумын хилийн салбар ангиудад 4 автомашин хүлээлгэн өгсөн. Ийнхүү Хилийн цэргийн 0257 дугаар ангийн бүх салбар автомашинтай боллоо.


Хөвсгөл аймагт нийт 9 суманд 11 хилийн салбар анги хил хамгаалах үйл ажиллагааг амжилттай явуулж байна.

Тус аймагт өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх сумын Хонин уулын хилийн салбар анги болон Цэцэрлэг сумын Ямаатын хилийн салбар ангийн барилгыг нийт 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, Цагаан-Үүр сумын хилийн салбар ангийн барилгыг 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус барьж ашиглалтад оруулсан бөгөөд Цагааннуур сумын хилийн салбар ангийг өргөтгөсөн байна.



Мөн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд улсын төсвийн 8,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хилийн цэргийн ангийн барилгыг барьж байна. Шинээр барьж байгаа Хилийн цэргийн анги нь штабын байр, цэргийн байр, соёлын төв, спортын төв, цэцэрлэг, 60 айлын ажилчдын орон сууц, гэрээт цэргийн байр зэрэг иж бүрэн барилга байгууламжтай байх юм. 


Шинэ ангийн барилга барьснаар Монгол Улсын хилийн аюулгүй байдал хангагдаж, хил орчмын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх болон таслан зогсоох боломж бүрдэж, хилчин дайчдын ажиллаж, амьдрах ахуй нөхцөл сайжрах зэрэг олон давуу талуудтай ажээ.

  

 

Холбоотой мэдээ