Цагдаагийн байгууллагад 12 мянга гаруй мэдээлэл иржээ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-12 15:21:43

Улаанбаатар хотын цагдаагийн газарт өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 07 хүртэл иргэд, аж ахуйн нэгжүүдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 12 мянга 963 гомдол, мэдээ, мэдээлэл ирүүлсэн талаар тус газрын дарга туслах комиссар Ч.Болдбаатар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнд танилцуулав.

Энэ нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1074 буюу 9 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт ирсэн дуудлагаас 2367 гэмт хэргийн шинжтэй мэдээлэл байжээ. Тухайлбал, бусдын эд хөрөнгийг хулгайлах, биемахбодид гэмтэл учруулах, танхай, дээрэм зэрэг гэмт хэрэг давамгайлжээ. Мөн өнгөрсөн 14 хоногт цагдаагийн албан хаагчид “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 тоглоомын газар, 10 интернэт кафег шалгаж, цагийн хуваарийн хэрэгжилтэд хяналт тавьжээ.

НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаярын мэдээлснээр нийслэлийн  хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 58  удаагийн  дуудлага ирсэнээс объектын гал түймрийн 44  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 14 удаагийн дуудлагатай байжээ.

Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчний нян хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Багахангай, Налайх дүүрэгт тус бүр 2, Багануур, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 1 хөдөлгөөнт эргүүл баталгаат бус замуудад нэмэлтээр үүрэг гүйцэтгэж байгаа аж. Мөн нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас ирсэн нийт 9786  тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 20 мянга 628 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 100 мянга 638 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ