“Улаанбаатарын яриа хэлэлцээ” бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн индэр боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023”-ын хуралдаан ГХЯ-нд хоёр өдрөө үргэлжиллээ.
Найм дахь удаагийн яриа
хэлэлцээнд оролцогч улс орнуудын тоо нэмэгдэж, зарим улс анх удаа оролцлоо. Мөн
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга болон БНТУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг
өндөр түвшний төлөөлөгч нар биечлэн оролцож буй зэрэг онцлогтой болж буйг ГХЯ-ны
Олон талт хамтын ажиллагааны газрын захирал Б.Мандхай тодотголоо.
Монгол Улс Зүүн хойд Азийн орнуудын аюулгүй байдалд онцгой ач холбогдол өгдөг улсуудын нэг. НҮБ-ын мандаттай, Энхийг сахиулан дэмжих ажиллагаанд цэргийн хандивлагч орнуудаас Зүүн хойд Азийн орнууд дундаа эхэнд ордог, мөн эмэгтэй цэргийн албан хаагчдыг илгээдэг 162 орны эхний 17-т байдаг зэрэг жишээг яриа хэлэлцээний үеэр дурдаж байв. Тиймээс “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023”-ыг Зүүн хойд Азийн Монгол Улсад зохион байгуулдаг нь хамгийн оновчтой шийдэл хэмээн үзэж буйгаа оролцогч нар илэрхийлж байлаа.
Изуми Накамицу: Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж буй үед аюулгүй байдлыг сахин хамгаалах явдал чухал болж байна.
НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу манай улсад айлчилж, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд оролцсон юм. Тэрбээр хэлэхдээ, Зүүн хойд Азийн аюулгүй байдал, энх тайвны асуудлаарх Монгол Улсын санаачилгыг НҮБ дэмжиж ирснийг тодотгож, цөмийн зэвсэггүй бүс бүхий статустай оронд олон улсын энэхүү хуралдааныг хийж буйг онцоллоо. Мөн олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед улс орнууд болон бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлыг өндөр түвшинд сахин авч үлдэх ёстойг тэмдэглэсэн юм.
Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ-2023” хуралдааныг ГХЯ, Стратеги судлалын хүрээлэн хамтран зохион байгуулсан. Стратеги судлалын хүрээлэнгийн захирал, профессор Б.Даваадорж “Улаанбаатарын яриа хэлэлцээр” нь Монгол Улс Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах гүүр болж байна. Монгол Улс 1992 онд цөмийн бус бүс нутгийн статусыг хүртсэн. Энэ бол бүс нутагтаа аюулгүй байдлыг сахин хамгаалахад манай улсын оруулж буй хувь нэмэр юм. “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь манай улсын газар зүйн байршлын онцлог, бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсон үйл ажиллагаа юм гэдгийг онцолж, бүс нутгийн тулгамдсан асуудлыг хэлэлцсэн индэр болж байна гэв.
Мөн тэрбээр, Зүүн хойд Азийн
эрчим хүчний байдал тулгамдсан асуудлын нэг болсон гэдэгт оролцогч улсуудын
төлөөлөл, талууд санал нэг байгаагаа илэрхийлснийг дурдаад, энэ асуудлыг бүс
нутгийн хэмжээнд яаж уялдуулж, хэрхэн зохицуулж ажиллах талаар салбарын
мэргэжилтэн, судлаач нар санал бодлоо солилцсоныг тодотголоо.
“Улаанбаатарын яриа
хэлэлцээ-2923”-д 30 гаруй орон, олон улсын
байгууллагын нийт 200 төлөөлөгч оролцлоо.