ДАРХАН-УУЛ: “Хүндэт донор”-ын болзлыг хоёр донор хангалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан /МОНЦАМЭ/. Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Дархан-Уул аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт тухайн өдөр болж байсан тул өнөөдөр тэмдэглэлээ.
Нэг удаа
цусаа бэлэглэснээр гурван хүний алтан амийг авардаг хариу нэхдэггүй
нигүүлсэнгүй доноруудаа алдаршуулах, өргөмжлөх үйл ажиллагааг жил бүр зохион
байгуулдаг уламжлалтай.
Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд улсын хэмжээнд бүртгэлтэй байдаг таван “Алтан донор"-ын нэг Р.Хишигцогт тэргүүтэй хүрэл болон хүндэт донорууд оролцлоо. Цэргээс халагдаж ирээд 21 наснаасаа эхлэн нийт 150 удаа сайн дураараа цусаа өгөхдөө 60 литр цус хандивлажээ. Түүний энгэрт Хүндэт донорын тэмдгээс эхлээд МУЗН-ийн "Нигүүлсэл" алт, мөнгөн медалиуд, мөнгө, хүрэл донорын тэмдгүүд бусдад амьдрал бэлэглэснийг гэрчлэн гялалзана.
Аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төв, МУЗН-ийн Дархан-Уул аймаг дахь УЗХ, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн үйл ажиллагаанд 30 гаруй донор оролцлоо.
Дархан-Уул аймагт 2350 бүртгэлтэй донор бий. Үүнээс 53 донор нь МУЗН-ийн “Хүндэт донор” ажээ. 35-аас доошгүй удаа, 12 хүртэлх литр цус өгсөн хүнийг “Хүндэт донор” цол, тэмдгээр шагнадаг аж.
Өнөөдөр
хоёр донор “Хүндэт донор”-ын болзол хангаж энгэрийн тэмдэг батламжаа гардан бол
“Хүрэл донор”-ын болзлыг мөн хоёр донор хангаж батламжаа гардан авлаа.
Ташрамд, энэ жил дэлхий нийтээр “Донор та амь тэтгэгч-тогтмол хугацаанд цус, сийвэнгээ
өгч, амьдрал бэлэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.