БАЯНХОНГОР: Уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-06-19 15:54:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймагтай Баянхонгор аймаг хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа.


Тодруулбал, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Захиргааны байнгын дэд дарга н.Мөнхөө, Альшаа аймгийн Эзнээ хошууны Засаг дарга н.Бөхөө тэргүүтэй зочдыг Улаанбаатар хотод хүлээн авч уулзсан байна. Хоёр талын уулзалтаар ӨМӨЗО-ы Альшаа аймаг болон Баянхонгор аймгийн уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцжээ.


Уулзалтын хүрээнд 7 дугаар сараас Альшаа аймгийн Сэхээ боомтод Баянхонгор аймгийн бизнес эрхлэгчдийг бараа худалдаагаа хийх нөхцөлийг бүрдүүлэхээр болжээ. Ингэхдээ өдөрт 8000 юанийн барааг татваргүй оруулж байх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлаг, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Баянхонгор аймгаас мах худалдан авах, экспортлох малыг эрүүлжүүлэх бүс байгуулахад хамтран ажиллахаар болсон байна.

Холбоотой мэдээ