ДОРНОГОВЬ: "Соёлын сэргэлт-2023" аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-19 18:09:37

Сайншанд /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өрнөж буй “Соёлын сэргэлт-2023” аяны говийн бүс Дорноговь аймгийн нээлт Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театр болон хүндэтгэлийн талбайд энэ сарын 19-нд боллоо.


Нээлтийн үйл ажиллагаанд Соёлын дэд сайд М.Батбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нар үг хэлж, орон даяар өрнөж байгаа “Соёлын сэргэлт” аяны мэдээлэл болон аймгийн онцлог зүйлийн талаар дурдсан юм.

Одоогоос 200 гаруй жилийн тэртээ Соён гэгээрүүлэгч, говийн тавдугаар дүрийн ноён хутагт Лувсанданзанравжаа өөрийн үйл хэрэг, ном эрдмээрээ соёлын сэргэлтийг өрнүүлж байсныг тодотгосон юм. Тиймээс Дорноговийнхон соёлын сэргэлтийг 14 сумынхаа онцлог зүйл, ардын язгуур урлаг, соёлын уламжлалд тохируулан амжилттай зохион байгуулж буйг аймаг даяар өрнүүлж буй “Эгшиглэнт говь” сум сурталчлах ажлаар харуулж байгааг Соёлын дэд сайд М.Батбаяр дурдаж баяр хүргэлээ.


Аяны нээлтээр Дорноговийн өсвөрийн бүжигчдийн "Жалам хар" бүжгийн хамтлагууд, сурагчдын бүжгийн үзүүлбэрүүд хийгээд ардын язгуур урлагийн тоглолтууд, Занабазарын музейн үзэсгэлэн,  Дорноговийн онцлог бүхий гар урлал, соёлын бүтээлч ажлын үзэсгэлэн зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг олны хүртээл болголоо.

Тухайлбал Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нүүдлийн үзэсгэлэн, “Монголын нэг өдөр”, “Торгонд амилсан шүтээн урлаг”, “Цагаан дара эх, Ногоон дара эх”-ийн QR хөдөлгөөнт үзэсгэлэн, Дорноговь аймгийн музейн “Гэгээн суварга” нүүдлийн үзэсгэлэн, “Хайрцагтай музей”, “Монголын нэг өдөр”, “Барлах урлаг” зэрэг үзүүлбэрийг иргэд сонирхон үзэж байлаа.

"Соёлын сэргэлт -2023” аяны “Эртэч өглөө” хөтөлбөрөөр соёлын дэд сайд М.Батбаяр салбарын залуустай уулзалт хийж их хаадын тамганы талаар сонирхолтой лекц уншиж, Дорнын говийн залуус мэндчилгээ дэвшүүлж, ирсэн зочид харилцан ном солилцсон байна.


Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун “Чингис хаан монголчуудын үнэт зүйл, дархлаа болох нь” сэдвээр  СУИС, Соёл судлалын хүрээлэнгийн судлаач, түүхийн ухааны доктор Б.Баатархүү “Монгол хүний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс ба ёс суртахуун”, түүхийн ухааны доктор С.Өлзийбаяр “Уламжлалт овоо тахилга монголчуудын үнэт зүйл болох нь”, Урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Б.Баяртөр “Үндэсний нэгдмэл үнэт зүйл ба уламжлалт урлаг” сэдвээр тус тус соён гэгээрлийн илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Б.Догмидын “Санаж сарвайх нутаг, ус мину” уншигч, зохиолчийн уулзалт, цэнгүүн болж Ардын жүжигчин,  Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Равдан, төрийн соёрхолт,  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцож уран бүтээлээ хүргэв.  


Язгуур урлагийн “Алтай” хамтлаг, Дорноговь аймгийн Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын уран бүтээлчид, авьяаслаг хүүхдүүдийн бүжгийн хамтлагуудын хамтарсан хүндэтгэлийн тоглолтоор нутгийн зон олонд соёл урлагийн үйлчилгээг толилуулсан юм.

Үүнээс гадна Дорноговь аймгийн хэмжээнд өрнөсөн “Эгшиглэнт говь” сумд сурталчлах соёлын өдрийн ардын авьяастан, өвлөн уламжлагчдын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, гала тоглолт болов. Засгийн газар, Соёлын яамнаас зохион байгуулж буй соёлын сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн Соёл, урлагийн байгууллагын ажилчдыг чадавхжуулах сургалт, аймгийн болон сумдын соёл урлагийн ажилтнуудад зориулсан уулзалт, сургалт тусгай хөтөлбөрийг Соёлын яам, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/ хамтран зохион байгууллаа.

Бүх нийтийн өдөрлөг хөтөлбөрт соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит Саран хөхөө театрын уран бүтээлчид, рок поп, нийтийн дуучдын нэгдсэн үдшийн цэнгүүн удахгүй болно. “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дорноговь аймгийг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хариуцан ажиллаж нээлтийн ажиллагааг аймгийн ЗДТГ, Соёл урлагийн газар, “Саран хөхөө” театр, Музей сургалт, судалгааны төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 14 сумыг гурван хэсэгт хувааж сумдад аяны үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.


Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамнаас  хэрэгжүүлж байгаа Соёлын сэргэлтийн бодлого нь үндэсний нэгдмэл үнэт зүйл, бүх нийтийн соёлын боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж буй бөгөөд эдгээр зүйлд тулгуурлан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бодлогоор анхаарч байгаа юм.

Мөн аймаг, сумдын соёл урлагийн байгууллагуудыг бүс нутгийн түүх, угсаатны онцлогт тулгуурласан төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий бүтээлч орон зай цогцолбор байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх, орон нутгийн соёл урлагийн байгууллагуудад иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэхийг дэмжсэн олон улсын жишигт нийцсэн үйлдвэрлэл үйлчилгээ бүхий бүтээлч орчин бий болгох, орон нутгийн соёл урлагийн ажилчдын мэдлэг ур чадварыг тогтмол дээшлүүлж дижитал орчинд ажиллах чадвартай бүтээлч ажилтан болгон мэргэшүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. 


Говийн бүсийн аян зохион байгуулах багийг Соёлын дэд сайд М.Батбаяр, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал Доктор (Ph.D) П.Байгалмаа, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Театрын музейн захирал Д.Наранжаргал, Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирал  М.Отгончимэг, Дорноговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга  М.Мөнхбат,  Дорноговь аймгийн Соёл, урлагийн газрын дарга У.Ганбаатар нар ажиллаж байна.

Холбоотой мэдээ