Л.Энх-Амгалан: Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байхаар төлөвлөж аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтарч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Гурван ээлжид орох эрсдэлтэй сургуулиудад авах арга хэмжээний талаар Засгийн газрын тогтоол гарч байна. Өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газар цэцэрлэгийн хүртээмжийг нийслэлд 90-ээс дээш хувьд хүргэсэн. 2022-2023 оны хичээлийн жилд ЕБ-ын 859 сургуульд 746 мянган суралцагч суралцаж байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа зургаан сургуульд 1451 суралцагч байна. 18 сургуулийн барилга удааширсан буюу түрээсийн байранд 11 310 хүүхэд суралцаж байна. Жил бүр дунджаар 35 мянган хүүхэд сургуульд элсэн орж байна. Үүнтэй уялдуулж нийслэл, томоохон аймгуудад зарим сургуульд гурван ээлжээр хичээллэх бодитой эрсдэл үүссэн. Жилд дунджаар 20 сургууль ашиглалтад ороход шинээр сургуульд орох хүүхдийн 40 орчим хувийг хангаж байгаа. Цаана нь 60 хувь нь үлдсэн буюу гурван ээлжийн сургуульд орох эрсдэл үүсэж байна.
Нийслэлд өндөр ачаалалтай 47 сургуульд 33 мянга гаруй суралцагч, 17 аймгийн 34 сургуульд 4300 гаруй хүүхэд гурван ээлжид орох бодитой эрсдэл үүссэн байна. Иймд бодлогын зургаан шийдлийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Нэгдүгээрт, ачаалал ихтэй сургуулиудад шинээр болон өргөтгөл хийж байгаа барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлага байгаа. СХД-ийн 12,62 дугаар сургууль Баянзүрх дүүрэгт байрладаг зарим сургуулийн барилга олон жил дамнан баригдаж байна. Ямар ч байсан энэ сургуулийг хүйтрэхээс өмнө ашиглалтад оруулна.
Хоёрдугаарт, ирэх хичээлийн жилд барилга худалдаж авч сургуулийн зориулалтаар ашиглах шийдвэр гарч байна.
Гуравдугаарт, хамран сургах тойргийг шинэчлэн зохион байгуулна. Нэг ангид 45-аас дээш хүүхэд сургахгүй байхаар төлөвлөж аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтарч хэрэгжүүлнэ.
Дөрөвдүгээрт их, дээд сургуулиудын харьяа ахлах сургууль болон ачаалал өндөртэй байршил дахь сургуулиудын бүтэц хэв шинжийг өөрчлөх ажлыг туршилтаар зохион байгуулна.
Тавдугаарт, бүх хүүхэд танхимаар суралцах шаардлагагүй. Цаашид танхим болон танхим бус гэсэн сургалтыг ахлах ангийн сурагчид дэлхийд туршигдсан платформыг ашиглана.
Зургаадугаарт, нийслэлийн ЕБС-д ирэх жил 20 мянган хүүхэд нэмэгдэхтэй холбогдуулан 3 ээлжийн ангид 420 багшийг нэмж зохицуулна” гэв.
Сургалтын хөтөлбөрт үндсэн гадаад хэл нь англи хэл гэж байна тусгасан
Сүүлийн өдрүүдэд ЕБС-ийн сурагчдад гуравдугаар ангиас нь англи хэл заах эсэх тухай асуудал олны анхаарлыг татаад буй. Энэ тухай тэрбээр, "Англи хэлийг үндсэн гадаад хэл байна гэсэн заалтыг Засгийн газраас өргөн барьсан. УИХ-ын гишүүд санал гаргаж, Байнгын хорооны хуралдаан дээр үндсэн гадаад хэлийг англи хэл гэхгүйгээр "боловсролын байгууллагын үндсэн гадаад хэлийг үндэснийхээ хөтөлбөрөөр шийдвэрлэнэ" гэдэг зарчмын зөрүүтэй санал хураалт болж дэмжигдсэн. Гэхдээ эцэслэж УИХ-ын чуулганаар шийдэгдэнэ.
Ер нь бол хуулиар хэддүгээр ангид, хэдэн цагаар, ямар хичээл заахыг тогтоодоггүй. Энэ бол үндэсний хөтөлбөрөөр явдаг зүйл. Хууль батлагдвал 2024 оноос хөтөлбөр шинэчлэгдэнэ. Боловсролын багц хуулийн эцсийн хэлэлцүүлгийг маргааш хийнэ. Ардын хүүхдэд англи хэл заах боломжоос татгалзаад хойшоо сууж байгаа юм биш.
"Сургуулийн өмнөх болон сургалтын хөтөлбөр"-ийн үзэл баримтлал Засгийн газраар батлагдана. Энэ хөтөлбөрт сургалтын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл гэж тусгасан. Энэ хөтөлбөр батлагдвал аль ангиас хэдэн цагаар ямар хичээл орж ирэх вэ гэдэг хөтөлбөр батлагдана.
Боловсролын багц хууль батлагдсанаар гуравдугаар ангиас шинэ хөтөлбөрийн дагуу англи хэл, мэдээлэл технологийн хичээл заана. Англи хэл заах цаг ихсэж байгаа. Энэ бодлогоос нэг ч алхам ухраагүй. Өнгөрсөн жил англи хэлтэй холбоотой нэг алхам урагшилсан. Яагаад гэвэл, “Pearson” платформыг төрийн өмчийн аймгийн алсалсан 38 сургуульд 38 мянган хүүхдэд туршиж маш том амжилт гарсан. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс 5, 6 дугаар ангиас нь буюу төрийн өмчийн 860 сургуульд уг платформыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлнэ. “Pearson” платформыг хувийн сургуулиудад нэг хүүхэд 22 еврогоор жил бүхэн авдаг хөтөлбөр. Хувийн сургуулийн хэрэглэж буй тус платформыг хэлэлцээр хийж 8 евро болгосон. Дараа жилээс 3, 4 дүгээр ангид зааж эхэлнэ. Багшийн ур чадвараас хамааралгүйгээр хүүхэд өөрөө бие даан суралцах боломжийг нээнэ.
УИХ-ын зарим гишүүн I ангиас англи хэл заана гэж баахан
хүмүүсийг бужигнуулсан. Зарим нь III ангиас англи хэл заах бодлогоос ухарлаа
гэхчлэн буруу ташаа мэдээллийг өгч хүмүүсийг бухимдуулж байгаад туйлын харамсаж байна”
гэв.