АРХАНГАЙ: “Архангай 100-Ногоон төгөл”-ийн мод 80 хувийн амьдралттай ургаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-06-23 10:48:14

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/.  Архангай аймаг түүхт 100 жилийн ойгоо угтан аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн нэгдсэн хогийн цэгийн урд буюу Цагаан хаалганы ард 8 га талбайд “Архангай 100-ногоон төгөл”-ийг төрийн болон хувийн хэвшлийн ААН-үүд, ард иргэдийнхээ хамтаар байгуулж, бургас, улиас, агч, хайлаас зэрэг 9000 гаруй модыг тарьж ургуулаад байна.


Тус газарт гүний худаг гарган, 50 тн-ын ёмкос байрлуулан усаа татаж, бүлээтгэн, 350 гаруй метр урттай усалгааны системээр моддыг усалж байна. Өнөөдрийн байдлаар моднуудын амьдралтын хувь 80 хувьтай байна. Ирэх намрын мод тарилтаар нөхөн тарилт хийх ажээ.


Тарьсан модоо услах ажлыг төрийн байгууллагууд болон хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлагатайгаар хийж байна.


Мөн нэгдсэн хогийн цэгийн чанх ар хэсэгт тархаад байсан барилгын хог хаягдлыг ландфилийн аргаар түрж, булжээ.


Архангай аймаг 2022 оны байдлаар 25.27 га газарт техникийн, 8 га газарт биологийн нөхөн сэргээлт хийсэн үзүүлэлттэй. Харин 36,6 мянган га талбайд хогийн 19 цэг байдаг ба үүний 8 га газрыг нөхөн сэргээх, төгөл байгуулах ажлыг ийнхүү хийлээ.

Холбоотой мэдээ