ДОРНОГОВЬ: Цэвэрлэх байгууламжийн мэргэжилтнүүд Японд туршлага судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бохир ус цэвэрлэх үйл ажиллагааг чадавхжуулах төсөл Дорноговьд хэрэгжиж байна.
Монгол Улсын Дорноговь аймаг Японы Шизүока мужийн хамтын ажиллагааны хүрээнд Японы Шизүока мужийн Зам тээврийн газрын Бохир усны бодлогын хэлтсийн дарга Кукита Шинжи болон албаны төлөөлөгчид зургаадугаар сарын 16-наас эхлэн Дорноговь аймгийг ус дулаанаар хангадаг “Чандмань-Илч” ОНӨХХК-д тодорхой хугацаатай ажилласан юм.
Албаныхан Сайншандад шинээр ашиглалтад орсон цэвэрлэх байгууламжид ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудад бохир ус хэрхэн цэвэрлэх, усны үйл явцыг шинжилгээний дүнгээр шалгах аргачлалыг зааж, зөвлөсөн бол сургуулийн сурагчдад усны зөв хэрэглээний талаар мэдээлэл өгчээ. Зөвхөн Японы дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн ажилтнууд Дорноговьд ирэх бус аймгийн мэргэжилтнүүд ч удахгүй Японд очиж туршлага судлахаар болжээ.
Аймгийн төвийн цэвэрлэх байгууламжаас гадна сумдад ч цэвэрлэх байгууламжийг
барих талаар орон нутгаас анхаарч байгаа аж. Тухайлбал, Иххэт, Өргөн, Айраг, Зүүнбаянд цэвэрлэх
байгууламж барьж энэ чиглэлийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр
төлөвлөсөн байна.