ЕБС-ын гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлыг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
montsame_user@montsame.mn
2015-09-04 13:53:57

Хэнтий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг шалгах, сургуулийн орчинд нуугдмал гэмт хэрэг, зөрчил, үе тэнгийн дарамт байгаа эсэхийг шалган тогтоох, түүнийг таслан зогсоох зорилгоор шалгалт хийлээ.

Шалгалтыг 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Цагдаагийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулжээ.  Шалгалтаар сургуулиуд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулсан боловч, гишүүдийн оролцоо хангалтгүй, зөвлөлийн ажиллах журам, хийж хэрэгжүүлэх ажлаа судлаагүй, төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа хийж хэрэгжүүлдэггүй, тайлан мэдээ гаргадаггүй, гэмт хэрэг, зөрчилд холбогдож, өртөж хохирсон болон анхаарал татсан хүүхдүүдтэй ажилладаггүй, сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй явуулдаг, сурагчдад чиглэсэн хүмүүжлийн болон соён гэгээрүүлэх ажлууд хийгддэггүй, сургуулийн удирдлагуудын зүгээс нийгмийн ажилтан, анги удирдсан багш нарыг сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил зохиох талаар удирдлагаар хангаж ажилладаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд заагдаж, Лаборатори нэгдүгээр сургууль, Тэмүүжин цогцолбор, 4 дүгээр сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв “Хангалтгүй”, Хан Хэнтий цогцолбор сургууль “Дутагдалтай” дүгнэгдсэн байна.

Ажлын хэсгийн шалгалтын дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, төв, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудыг хамруулан 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулсан “Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлдөх уулзалт”-ын үеэр захирлуудад Засаг даргын “Албан даалгавар” гардуулан өгч биелэлтийг улирал бүр дүгнэж байхаар шийдвэрлэжээ.

С.Золжаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд