ДОРНОГОВЬ: Сайншанд хотод тохижилт үйлчилгээний ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-06-28 12:42:01

Дорноговь /МОНЦАМЭ/. Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг угтаж Сайншанд хотод тохижилт үйлчилгээний ажил өрнөж байна.


Хамарын хийд Энергийн төвөөс 108 агуй холбосон засмал зам, зогсоол, замын гэрэлтүүлэг, Ханбаянзүрх хайрхны шатны гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалт хийж байгаа бол Сайншанд сумын дөрөв, долоодугаар баг буюу төмөр замын гармаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэл 2,4 км автозамд гэрэлтүүлэг шинээр хийх ажлыг "Лед Сити" ХХК орон нутгийн төсвийн 581,216 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй.


Мөн Сайншанд сумын нэг, зургаа, долоодугаар баг "Тэс петролиум" ХХК-ийн ШТС-ын тойргоос Офицерын төв зам хүртэлх 3.6 км авто зам барих ажлыг орон нутгийн төсвийн 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Дэлгэр баясах зам" ХХК хийж гүйцэтгэж байна. Үүнээс гадна Дорноговь аймгийн аялал жуулчлалын гол маршрут Хамарын хийд орчимд дөрвөн улирал ажиллах боломжтой бие засах газар байрлуулж буй аж.  

Холбоотой мэдээ